Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкинд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны дөрвөн банкинд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны есдүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг санд хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа.
Өмнө нь 5-8 дугаар сарын хүү болох 35 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны долдугаар тогтоолоор арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг наймдугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан.
