Нийслэлийн гэр хорооллын бүх айлуудад ирэх өвлөөс өмнө ухаалаг угаар мэдрэгч тарааж, нэгдсэн системээр хянахаар болжээ. Ирэх өвөл ухаалаг угаар мэдрэгч тараах ажилд нийслэлээс нийт 6.5 тэрбум төгрөг төсөвлөж байгаа бөгөөд нэг ширхэгийн үнэ нь 100 мянган төгрөг гэнэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин энэ талаар мэдээлэл өгөхдөө “Бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зунжингаа гэр хорооллын 110 гаруй мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбосон. Одоо 30 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбох ажлыг ид хийж байна. Дөнгөж өчигдөр нийслэлийн төсвийн тодотголыг баталж, нийт 6.5 төгрөгийг үлдсэн 45 мянган айлаа ухаалаг угаар мэдрэгчтэй болгохоор төсвөө баталлаа. Ингэснээр бид нүүрс түлж байгаа бүх айл өрхийг ухаалаг угаар мэдрэгчтэй болгож, нэгдсэн нэг системээр хянаж эхэлнэ. Замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар хянаж байгаа шиг үүнтэй адил нүүрс түлж байгаа 172 мянган айлын угаар мэдрэгчийг хянана.
Угаарын мэдээлэл ирэнгүүт 5-7 минут дотор шуурхай хариу арга хэмжээний баг шууд очно гэсэн үг. Нийслэл дээр Шуурхай штаб дээрээ байгуулаад, хяналт тавьж ажиллана. Тэнд бүх арга хэмжээгээ хянана. Бид энэ өвөл 5000 айлыг газ руу шилжүүлж, 5000 айлыг дулаална. Ирэх аравдугаар сарын сүүлчээр айл өрхүүдийн дулаалгын ажил дуусч, арваннэгдүгээр сарын сүүлчээр газан зуухны холболтоо хийж дуусна. Ухаалаг угаар мэдрэгчийг дотоодын компаниас нэг ширхэгийг нь 100 мянган төгрөгөөр нийлүүлнэ” гэсэн юм.
