
АНУ-ын нууц албаны ажилчид Цагаан ордон руу хууль бусаар нэвтэрсэн этгээдийг шуурхай барьжээ. “Хил зөрчигч” Ерөнхийлөгчийн ордныг хүрээлсэн хашааны завсраар яваад орчихжээ.
Цагаан ордны түгшүүр дуугарахад хамгаалалтын албаныхан түүнийг “хэргийн газраас” тун богино хугацаанд барьж авсан байна. “Зөрчигч этгээд” нь харин хэлд ч ороогүй хүү байсан аж. Хэсэг хугацаанд эцэг эх нь анхаарал алдсанаас болж хүү “зөрчил” гаргажээ.
Хамгаалалтын албаныхан асуудлыг шийдэж байх хугацаанд Цагаан ордон руу түр хугацаанд нэвтрэх боломжгүй болсон байна. Ерөнхийлөгч Байден энэ үеэр ажлын өрөөндөө сууж байсан бөгөөд “ямар ч хохирол амсаагүй” хэмээн хошигножээ. Нууц албаны ажилтан Энтони Гульельми “Цагаан ордны аюулгүйн дохиолол шууд л ажилласан. Алба хаагчид хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өглөө” гэжээ.
Цагаан ордны аюулгүй байдлыг хангах зорилгоор саяхан дөрвөн метрийн өндөр хашаа суурилуулжээ. Гэхдээ хашаа нь өндөр болсон ч хашаа хоорондын зай 2.54 см-аар өргөссөн байна. Энэ нь насанд хүрсэн хүмүүст төдийлөн нөлөөлөхгүй ч хүүхдүүд ороход улам амар болжээ.
“Бид хүүг хэлд ортол нь хүлээхээр шийдсэн. Тэр үед нь мэдүүлэг авна аа” хэмээн нууц албаны ажилтан USA Today-д өгсөн ярилцлагынхаа үеэр хошигножээ.
Эх сурвалж: ВВС
