
Мөнгөн устай халуун шил хагарахад хүүхэд багачууд төдийгүй томчууд ч хэрхэхээ мэдэхгүй сандардаг. Тэгвэл өөрөө болон бусдыг хордуулахгүйн тулд асгарсан мөнгөн ус болон шилний хэлтэрхийг хэрхэн цуглуулах дүрмүүдийг хүргэж байна.
1. Халууны шил хагарсан өрөө танхимаас бүх хүмүүсийг, бүр гэрийн тэжээвэр амьтдыг гаргаарай.
2. Өрөөгөө агааржуулж, тасалгааны температурыг 16-18 градус дулаан болтол бууруулах хэрэгтэй.
3. Өрөөнийхөө хаалгыг сайтар хаагаад цонхнуудаа онгойлгоорой.
4. Хувцас болон гутланд чинь мөнгөн ус хүрсэн эсэхийг сайтар шалгаарай.
5. Резинэн хамгаалалтын бээлий болон амны хаалт зүүгээрэй.
6. Таглаатай шилэн сав бэлтгээрэй /тус саванд мөнгөн усаа хийх юм/. Ингэхдээ шилэн савандаа ус дүүргэх хэрэгтэй.
7. Тариур аль эсвэл бургуу ашиглан мөнгөн усыг соруулж, урьдчилан бэлтгэсэн устай шилэн саванд хийнэ. Харин шалан дээр шилний хэлтэрхий үлдсэн бол поролонон угаагч аль эсвэл норгосон сонингоор арчиж аваарай.
Энэ бүгдийн дараа мөнгөн ус асгарсан шал, тавцан зэргийг хлор агуулсан цайруулагч уусмалаар угаагаарай. 1 литр усанд 1 цайны халбага цайруулагч хийж хутгана. Энэ зааврын дагуу шалаа долоо хоногт хоёр удаа нэг сарын турш угаана. Харин мөнгөн устай таглаатай шилэн саваа хаяж болохгүй. Танай хотод байгаа тусгай зориулалтын газарт нь аваачин өгч, байгаль орчноо бохирдуулахаас сэргийлээрэй.
