
Одоогоос гурав хүрэхгүй жилийн өмнө буюу 2015 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ нэгэн нууц гэрээ байгуулсан. Түүний айлчлал дардан байсан уу гэвэл үгүй. Яг үнэндээ маш их асуудал тарьж байсан ч АТГ-т баригдах хүртлээ даамжирна гэж хэн санах билээ.
-Дубайн гэрээ анхнаасаа асуудал дагуулав-
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг гацаанаас гаргаж, хөрөнгө оруулагч талууд төлөвлөгөөнд гарын үсэг зурсны маргааш УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг цаашид хөндөх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Дубайн гэрээ хэмээн нэрлэгдээд байгаа Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөгөөр далимдуулж Засгийн газрыг ийнхүү огцруулах ажилд Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Л.Цог тэргүүтэй гишүүд ханцуй шамлан орсон байдаг.
Ч.Сайханбилэгийг огцруулах болсон шалтгаанаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Оюутолгойн гэрээ үр ашиггүй, алдагдалтай маш муу гэрээ болсон. Тийм ч учраас үүнийг сайжруулахын төлөө Засгийн газраас 17,5 тэрбумыг гаргаад гадаадын компаниас зөвлөгөө авна гэж гэр бүлийн компанид мөнгө өгөх хүртлээ асуудал яригдлаа шүү дээ. Муу дээрээ муу, муухай дээр улцан гэгчээр Засгийн газар Рио Тинтогийн тулгалтыг хүлээж ялагдал хүлээж байна. Энэ бол Монголын ард түмний хүссэн зүйл биш. Үүнийг гадныхантай нийлсэн авлигачид хийж байгаа юм. Далд уурхайн хөрөнгө оруулалт анхны тохиролцоогоор 1,4 тэрбум доллар байсан. 4,7 тэрбумаар нэмэгдүүлээд 6 тэрбум доллар болох нь. Далд уурхайн зардлаа 300 хувиар өсгөж байна. Ийм муу болгож байхад бид өрлүүлж байгаа хонь шиг чимээгүй байх уу” хэмээн тайлбарласан байдаг.
Тухайн үед Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг МАН байгуулсан бол МҮАН-МАХН-ын эвслийн бүлэг ч уг асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болсон нь Дубайн гэрээнд ач холбогдол өгч, Ерөнхий сайдын байр суурийг ганхуулж байсан ч 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл тэсч үлдсэнийг цөм мэднэ.
Нэг намын нөхөр болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөн л “Дубайн гэрээг АББХ-оор хаалттай хэлэлцлээ. Энэ гэрээ энэ Засгийн газрын хойдохыг нь уншжээ. Харамсаж байна” хэмээн жиргэж байв.
-Дубайн гэрээн тухай Ч.Сайханбилэг болон Рио Тинто юу хэлэв-
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайгаас ирсэн даруйдаа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийнхэнд мэдээлэл хийж “Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрынх биш, улс төрийнх биш эдийн засаг, компани хоорондын асуудал болсон. Тиймээс улстөрчид энэ асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье” хэмээв. Гэвч тухайн үеэс түүний эсрэг чиглэсэн тэмцэл улам ширүүсч түүнийг огцруулах саналд тухайн үеийн УИХ-ын 16 гишүүн (Р.Амаржаргал, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, О.Содбилэг, А.Тлейхан, Г.Уянга, Л.Цог, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр) гарын үсэг зурсан байдаг.
Гарын үсэг 19 хүрээгүй учир Ч.Сайханбилэгийн Засгийн газар тэсч үлджээ.
Түүнийг огцруулах гэсэн гишүүдийн тэмцлийн хариуд Ч.Сайханбилэг Дубайн гэрээний тухай олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, Олон Улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүнд татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо” гэсэн юм. Ингэж тэрээр асуудлыг жаахан ч гэсэн намжааж байв.
Ерөнхий сайдыг энэхүү мэдээллийг хийхээс өмнө “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний салбар хариуцсан гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак Австралид болсон форумын үеэр “Оюутолгойн ордын зэсийн далд уурхайн ажлыг хэзээ эхлүүлэхээ бид 2016 оны эхээр шийдвэрлэнэ. “Рио Тинто”-гийн зүгээс энэ төсөлд тогтвортой, тууштай хандах зарчим баримталж байгаа. Монголын тал ч таатай орчин бий болгоно гэдэгт итгэж байна. Бид төслийн санхүүжилт олгох шийдвэрийг энэ онд багтаан гаргана. Ингэснээр ирэх оны эхээр далд уурхайн ажлыг эхлүүлэх боломжтой болох юм” хэмээсэн байдаг.
– Тухайн үеийн УИХ Дубайн гэрээг юу гэж дүгнэв-
Засагт хамтарсан МАН-ынхан “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг байгуулсан юм. Гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Оюутолгойн ТУЗ-ийн Монголын талын гишүүнээр ажиллаж байсанУул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нарын багтсан ажлын хэсэг дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаж бүлэгтээ танилцуулсан байна. Уг урьдчилсан дүгнэлтэд, “Дубайн гэрээ”-г арваад зүйлээр Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн байна.
Үүнд:
Энэ “гэрээ”-гээр 4.2 тэрбум долларыг гаднын банкуудаас авах болж байгаа. Ерөнхий сайдын тайлбар хийгээд олон нийт уг 4.2 тэрбум долларыг далд уурхайн бүтээн байуулалтад зориулж Оюутолгой компани авна гэж ойлгож байгаа. Гэтэл “Дубайн гэрээ”-гээр бол 4.2 тэрбум долларыг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг Рио Тинто ”толгой компани” гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь Оюутолгой ХХК төлөхөөр болжбайгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж ажлын хэсэг дүгнэжээ. Оюутолгой компанийн нэрээр авч байгаа учраас уг зээлийн 34 хувийг Монголын тал төлөх юм.
Оюутолгой компанийн нийт хөрөнгийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Тийм учраас Засгийн газрын хөрөнгийг барьцаалах болбол УИХ-аас заавал зөвшөөрөл авах тухай хуулийн хэд хэдэн заалт байдаг юм байна. Гэтэл энэ зөвшөөрлийг авалгүйгээр УИХ-ын бүрэн эрхэнд халдаж Оюутолгойн компанийн хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл авахаар болсон нь хууль зөрчсний дээр Монголын талыг эрсдэлд орууллаа гэжээ.Өөрөөр хэлбэл, Монголын парламентын мэдэх асуудлыг УИХ-ын өмнөөс “Эрдэнэс-Оюутолгой” компани шийдэж байгаа нь хуулийн зөрчил болсон бололтой.
2009 онд баталсан Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар талууд зөвхөн бичгээр харилцан тохиролцсоныг “гэрээний өөрчлөлт” гэж үзэхээр зохицуулсан байдаг байна. Гэтэл Дубайд төлөвлөгөө гэдэг нэрээр албан бичиг үйлдэж гарын үсэг зурснаар 2009 оны гэрээ өөрчлөгдөж байгаа юм байна. Тийм учраас “Дубайн гэрээ” нь Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс давж үйлчлэх эрхзүйн баримт бичиг гэж ажлын хэсэг дүгнэжээ.
2010 онд баталсан ТЭЗҮ-гээр бол Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөж нэрлэсэн үн цэнээр 53 хувь гэж байжээ. Харин сая “Дубайн гэрээ”-гээр нийт үр өгөөжийн 53 хувь гэж томъёолсон нь Монголын талын хүртэх өгөжийг тодорхойгүй болголоо гэсэн байна.
Дубайд төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас хойш ажлын тав хоногт багтаанОюутолгой компанийн Оюутолгой компанийн 2010-2014 оны нийт дөрвөн жилийн Санхүүгийн тайлангуудыг тэдний ирүүлсэн хувилбараар нь шууд батлах үүргийг Сангийн яаманд тулгасан нь хууль зөрчиж байна гэжээ. Хуульд, гурван улирал дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгох заалт байдаг юм байна. Энэ зөрчлөөс нь гадна Оюутолгой компанийн ирүүлсэн хувилбараар санхүүгийн тайланг үг дуугүй батал гэж байгаа нь татвар зэрэг санхүүгийн зөрчлөө нуух боломжийг Оюутолгой компанид олгож байна гэжээ.
Оюутолгой компани нь анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум доллараар хэтрүүлж, 1.4 тэрбум долларыг санхүүгийн баримт нотолгоогүй зарцуулсан, манай талаас татварын зөрчил гэж 130 сая доллар тавиад 30 сая болгосон. Эдгээрийн татвараас бусдыг нь шийдэгдсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн нь Монголын тал цаашид асуудал тавих бүрт бууж өгөх жишиг эхлүүлээ гэж буруутгасан сурагтай.
– Одоо Дубайн гэрээг хэн, юу гэж дүгнэв-
Л.ЭРХЭМБАЯР (АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан)
-Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Юм үнэнээрээ байх сайхан.
Дубайн гэрээг ардчилсан намд хэлээгүй. Ч.Сайханбилэг өөрөө явж хийсэн. Би намын Ерөнхий нарийн бичгийн байсан үе. Дубайгаас ирэхэд нь л мэдсэн юмдаг. З.Энхболд дарга ч тийм л болов уу гэж таамаглаж байна. Засгийн газрын шийдвэрийн зөв, бурууг тэргүүн нь, салбар хариуцсан сайд нь шууд хүлээдэг байх ёстой. Дубайн гэрээ сайн бол гавьяаг нь саар бол хариуцлагыг Ч.Сайханбилэг үүрэх учиртай. Аливаа буруу шийдвэрийг намаараа талцаж өмгөөлж хамгаалдаг муу зуршлыг улстөрийн намууд, гишүүд дэмжигчид халах цаг нь болчихлоо.
Алийн болгон намын далбаан дор мууг хаацайлах вэ?
Өмнө нь хийж байхгүй яасан юм гэсэн олон коммент бичигдэх нь ойлгомжтой. Тийм бодолтой иргэдэд зориулж хэлэхэд улс төрийн намуудад гүйцэтгэх эрх мэдэл байдаггүй юм. Шийдвэрийг /мөнгийг/эцсийн эцэст Ерөнхий сайд, салбарын сайд, нэгдүгээр гарын үсэг зурж байгаа томилогдсон эрх мэдэлтнүүд гаргадаг юм. Хариуцлагыг тэдэнтэй шууд халзагнаж тооцох ёстойг иргэд олон түмэн мэдтүгэй гэж бодном. Буруу шийдвэр гаргагчид шийдвэрээ аль болох улс төр болгож төөрөлдүүлэх, намаар хамгаалуулах, нам тэгсэн ингэсэн гэж бухах нийтлэг хандлагатай” гэсэн байна.
2018.02.19
Б.БЯМБАСАЙХАН (“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан)
’’Оюутолгой” төсөл 4.4 тэрбум долларын зээлийг Монголд босгож, Засгийн газрын ямар нэгэн баталгаагүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тийм боломжтой болж байгаа. Энэ бүх зүйл нь эргээд бидний давуу тал. Гол нь бид Монгол Улсын хуулийнхаа хүрээнд хууль зөрсөн нэг ч зүйл байхгүй хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Дубайн төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Хэрвээ муу, сайн гэж ярих юм бол байгаа нөхцөл байдлыг харин ч сайжруулсан.
2016.01.21
ЖАН СЕБАСТЬЯН ЖАК (“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал)
-Бизнесийн байгууллага хувь нийлүүлэгчид ногдол ашиг тараахын тулд ашигтай ажиллаж эхлэх ёстой. Өнөөдрийн байдлаар Оюутолгойд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Үүнээс гадна гүний уурхайд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Хувь нийлүүлэгчдийн сонирхол ижил. “Оюутолгой” аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг тараах ёстой. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн.
Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилт босгосон. Энэхүү төслийн санхүүжилт гаргасан байгууллагууд зээлээ эргүүлж авна шүү дээ. Зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна. Нөгөөтээгүүр “Оюутолгой” компани хэзээ ашигтай ажиллах вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Монгол Улсад өнөөдөр эл төсөл шууд болон шууд бус утгаар өгөөжөө өгч байгааг дахин хэлье. Асуудалд том зургаар, алсын хараатай хандах хэрэгтэй гэж бодож байна. “Оюутолгой ч дэлхийн хэмжээний уурхай болгосны дараа хувь нийлүүлэгчид өгөөж егөх асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу.
2018.01.23
– Ч.Сайханбилэгийн хувь заяа хэрхэн шийдэгдэх вэ-
“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг энэ сарын 1-нд АТГ баривчилсан билээ. Түүний дараагаар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар тайлбар хийхийг шаардсан АТГ-ын хариуд тэрээр АНУ-аас алд дэлэм захидал илгээсэн. Тэгвэл тэрээр өчигдөр онгоцноос буусан даруйдаа АТГ-т очиж тайлбар өгсөн ч тун удалгүй түүнийг Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын хамт хорих 461-ээр анги руу ачсан тухай мэдээлсэн юм.
Одоогоос арваад хоногийн өмнө баривчлагдсан С.Баярцогт, Б.Бямбасайхан, С.Ариунсан нар одоо болтол хоригдож байгаа бөгөөд АТГ-аас албан ёсны мэдээлэл өгөөгүй хэвээр байна. Мөн тэд өөрсдийгөө ямар ч буруугүй хэмээн хувь, хувьдаа олон нийтэд тайлбар өгсөн. Харин хувь заяа нь хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдлээ.
Б.Баргужин
www.breakingnews.mn
