Нийслэлийн 36 дахь дарга асан Х.Нямбаатарын 949 хоногийн засаглал өндөрлөж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэллээ. Анх томилогдохдоо “тооцоо судалгаанд үндэслэсэн хотын хөгжил”, “иргэд төвтэй бодлого” амалж байсан тэрбээр өнөөдөр нийслэлчүүдийн бухимдлын гол бай болж үлдэв.
2023.10.12-нд НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан болж, хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм.
Тухайн үед Х.Нямбаатар хотын хөгжлийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэрүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн гаргана гэдгээ хэлж байлаа. Тухайлбал, хувийн тээврийн хэрэгслийг хязгаарлах бус, нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ гэж байв.
Харин түүний үеэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйд цогц реформ хийж, “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны бүрэн төлөвлөлтийг олон улсын байгууллагын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан, УИХ, Засгийн газраар яаралтай батлуулаарай. Засгийн газар нийслэлийг дэмжиж ажиллана” гэж ёстой л дэм дэмэндээ дээшээ явах нь дээ гэмээр л үгсийг хэлснээр НИТХ-ын төлөөлөгч нарын олонхийн буюу 78.57 хувийн саналаар Засаг дарга болж байсан түүхтэй.
Тухайн үед ч Х.Нямбаатар бяртай байлаа. Ар нь түүз.
Гэтэл өнөөдөр тэр ар ч үгүй, түүз ч үгүй, Хотын дарга ч үгүй болж бүрэн шалдарлаа. Харин нийслэлийн иргэдийн төлөө хийнэ гэж түүний амлаж байсан анхны яриа яг 180 градус эргэж бүх зүйлс эсрэгээрээ явж ирснийг цаг хугацаа харуулав.
1. Нийслэлд газар өмчлөх эрхгүй болгов. Автобусны буудал, авто зам, дэд бүтцэд холбогдох боломжтой хот төлөвлөлтөд орсон газар нийслэлд байхгүй хэмээн хаасан ч хотын аль ашигтай байрлалд дуудлага худалдаагаар газраа худалддаг болсон.
2. Нийслэлчүүд машин унах эрхгүй болов. Зөвхөн 2016 оноос хойш онтой машин унаж болохоор зохицуулалт хийсэн.
3. Автомашины татвар, Агаарын бохирдлын төлбөр. Нийслэл 2025 оноос суудлын автомашины албан татварын хэмжээг ангиллаас хамаарч 2–3 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь Х.Нямбаатарын тайлбараар замын дэд бүтэц, түгжрэлийн төслүүдийн санхүүжилттэй холбоотой гэж тайлбарлагдсан.
Гэвч он биш автомашины эдэлгээ чухал гэдгийг иргэд хэлж бодит байдалтай нийцэхгүй, туйлширсан хязгаарлалт боллоо гэж шүүмжилсэн боловч тэр нийслэлийн иргэдийнхээ үгийг хүлээж аваагүй. Угтаа иргэдийн зөв байсан. Тухайлбал, автомашинуудыг жил болгон техникийн үзлэгт оруулдаг. Энэ үзлэгээ чанаржуулж утаа угаар их гаргадаг машинуудаа хотын хөдөлгөөнд оролцохыг хоригло, олон жилийн насжилттай хэдий ч утаа хаядаггүй сайн машинууд байгаа. Үүнийг оношлогоор зохицуул гэж шаардаж байв. гэвч тэр иргэдийнхээ үгийг сонсолгүй автоматаар татварыг нэмж 10 дахин өсгөсөн.
4. Замын татвар. Мөн л жил болгон техникийн оношилгоонд ороход явсан замын км-ийг тэмдэглэдэг. Явсан км-ээр нь тооцож шатлалтай татвар ав гэж иргэд мөн л шаардсан. Тэр явсан яваагүй хамаагүй мөн л татвар авсан.
5. Автомашины дугаарын үнийг өсгөв.
6. Утаа бууруулах нэрээр түүхий нүүрс зарахыг болиулж шахмал түлш хятадаас импортлодог болов. Гэвч утаа ч арилаагүй, угаартсан иргэдийн тоо ч буураагүй. Гэр бүлээрээ гэртээ угаартаж амиа алдахад нийслэлийн Засаг дарга эмгэнэл илэрхийлэх нь бүү хэл албатууд нь “Яндангаа сугалж өрхөө бүтээсэн” гэх агуулгатай үг хэлж “тавлаж” байв.
7. Замын хажуугийн хашлагыг гялтгар гантигаар солих компанит ажлыг эрчимтэйгээр эхлүүллээ. Гэхдээ хашлага солих болсон шалтгаан нь их сонин. Замын хажуугийн хашлаганууд мөөгөнцөртсөн! Тиймээс солих шаардлагатай гэсэн “галзуу”санааг тэд бодож олж чадсан юм.
8. Мөн гантиг хавтан халтиргаатай байна гээд ч нэмэр болоогүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гээд л урд хөршөөс гантиг хавтан зөөж нийслэлийг тэр чигт нь хятад гантигаар бүрсэн. Одоо ч сольж л байна.
9. Тэр цэвэрлэх байгууламжийн асуудлаа энэ хугацаанд шийдэж чадаагүй. Хятадууд хийж байгаа, хийсээр байгаа, хийж л байна гэж ярьсаар огцорлоо. Харин цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртээд байна гэсэн хотын иргэнээ “Тэгээд ч өөрөө цэвэрлээч” гэж загнаж байв.
10. Хотын даргын нохой, муур асрах газрыг шувуун фабрикт хөхөө өвлийн хүйтнээр барьж байгуулав. Гэсэн ч тэр нь бүрэн дүүрэн ашиглагдаагүй, харин ч хэдэн амьтныг хорьж тарчлаасан байдаг.
11. Хотын даргын зайлшгүй хийх ёстой хамгийн том бүтээн байгуулалт бол цэвэр усны шугам хоолойг бүрэн шинэчлэх, хонгилын системтэй болгох байв. гэвч тэр үүнийг огтхон ч хийгээгүйгээр барахгүй амандаа ч аваагүй.
12. Сэлбэ голыг сэглэж хаяв.
13. Ногоон нуурт хятадуудаар орон сууц бариулав. Түүнийг нь хятадууд “Монголын ядуусын хороолол” гэж нэрлэсэн байдаг.
14. Түүний урд хөршөөс оруулж ирсэн хятад барилгачдын тоог хэн ч мэдэхгүй. Хамгийн сүүлд түүний хөрш, Гадаадын иргэн, харъяатын газрын дарга Н.Ууганбаярыг чөлөөлсөн. Тэр 2500 хятадыг оруулж иржээ
15. Энэ хугацаанд Х.Нямбаатарынх гэсэн тамгатай олон бүтээн байгуулалтын сураг дуулдаж эхлэв. Гэхдээ хувийнх нь шүү. Тухайлбал, 10 дугаар хороолын замын урд талд петровис ШТС-ын хажууд орон сууцны хоёр блок барилга, зочид буудлын барилга сэлт түүнтэй холбогдож эхэлсэн төдийгүй сар бүр урд хөршөөс 350 мянган ам.долларын санхжүүилт авч барьж байгаа гэсэн мэдээлэл сошиалд хөврөв
16. Мөн Хэнтий аймагт ч барилга байгууламж бариулж байгаа гэх. Түүгээр ч зогсохгүй араас нь шил даран үхрийн фермын сураг ч гарч эхэлсэн юм.
17. Гэвч түүний хамгийн том төсөл нь “Туулын хурдны зам” байв. Гэхдээ байгальд ээлгүй, хятадад ээлтэй байгууламж. Бас хятадад ээлтэй тендер байлаа.
18. Тэр “Туулын хурдны зам” төсөлд шалгарсан хятадын цаасан дээрх компанид 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа. Гэтэл АН-ын гишүүн Т.Хаянхярваа “Засгийн газар “Туулын хурдны зам” төслийг зогсоосон ч Нянгар Хятад компанид нэмж 200 тэрбум шилжүүлжээ!” хэмээн зарласан байна. Энэ мэтээр түүний 949 хоногт хийж хэрэгжүүлсэн гэх ажлуудыг жагсаавал тувт иргэдийнхээ эсрэг байж иржээ. Нийслэлийнхэн хөгжих нь байтугай татварын өрөн дороос өндийхөө байсан.
19. Хамгийн сүүлд махны үнийг өсгөсөн асуудал нь түүнийг суудлаас нь ховхлох эргэлт буцалтгүй шийдвэр болж. Юм бүхэн хэмжээ хязгаартай. Ерөнхий сайд Н.Учрал дээрх бүгдийг тэвчиж ирсэн ч иргэдийн аяга хоол руу орж эхлэхэд нь тэвчээр тасарчээ.
Энэ жил махны үнэ тэнгэрт хадаж үхрийн мах 38-40 мянга, хонины мах 25 мянгаар зарагдаж, ард түмэн хоосон хонож, мацаг барихад хүрсэн. Жил болгоны хавар махны үнийг Нийслэлээс зохицуулж, нөөцийн махыг зургадугаар сар дуустал тодорхой цэгүүдээр зарж зунтай золгодог уламжлалтай байсан. Гэтэл хотын захирагч Х.Нямбаатар “Энэ жил махны үнэ ханшийг нийслэлээс зохицуулж чадахгүй. Харин би эвдэрсэн, эвдрээгүй хамаагүй бродюроо солино!” гэж мэдэгдсэн. Үүний цаана нэгэн ноцтой мөнгө угаах гэмт хэрэг явагдаж байсныг Тагнуулын Ерөнхий газрын “Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх” хэлтсийнхэн илрүүлсэн байна. Нийслэлд нөөцийн мах бэлддэг зургаан компаний тендерийг “Женко” Х.Баттулгын “Мах импекс”, түүний төрсөн эгч Х.Цэндбаярын “ХКҮ” компани замаас нь авчихсан бөгөөд тэд үгсэн хуйвалдах замаар нөөцийн махны хомсдол үүсгэж, дундаасаа нь их хэмжээний ашиг орлого олж байсан аж. Үүнээс гадна тус компаниуд төрөөс 200 тэрбум төгрөгийг сохор зоосны хүүгүй зээлж, 5000 тн нөөцийн мах бэлдэхээр тохирсон авч 2500 тн мах замаасаа алга болжээ. Замаасаа алга болох ч юу байх вэ дээ, мөнөөх 2500 тн махаа ченжүүдэд өгч хүнсний захуудаар заруулж, байсан нь тодорхой болжээ. Харин Женко Х.Баттулгын “Мах импекс” компани, төрсөн эгч Халтмаагийн Цэнбаяр нар махны үнийг тэнгэрт хадааж дундаас их хэмжээний орлого олох боломжийг хотын захирагч Х.Нямбаатар олгосон, энэхүү ноцтой гэмт хэрэгт хамжигчаар оролцсон аж. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Зүв зүгээр байсан бродюр сольж, зам хуулдаг Х.Нямбаатарыг хариуцлагад тооцож, хотын захирагчийн албан үүргээс чөлөөж байна!” хэмээн мэдэгдэв” гэжээ.
Ийнхүү Женко Х.Баттулгаас эхтэй идэшний асуудал даамжран явсаар Х.Нямбаатарын суудалд хүрэв. Цааш хэрхэн үргэжлэхийг таашгүй. Ямартай ч Хотын дарга Х.Нямбаатарын 949 хоногийн зах зухаас дурдахад ийм байна.
