Швейцарын Давос хотод өнөөдөр Дэлхийн эдийн засгийн 56-р чуулга уулзалт (WEF 2026) албан ёсоор эхэлж байна. Тус чуулганд дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын өндөр түвшний удирдагчид, шийдвэр гаргагчид оролцож, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр цуглаад байна.
Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцохоор болж, олон улсын түншүүдтэй эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар уулзалт, хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Чуулганы хүрээнд глобал эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн сорилтууд, шинэ технологийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг сэдвүүдийг голлон хэлэлцэх юм. Мөн дэлхийн эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд улс орнуудын бодлого тодорхойлогчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүдийг нэг дор цуглуулж, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлогтой.
