

Крым дахь оросын нисэх хүчний баазын дэлбэрэлтийн дараах зургийг хиймэл дагуулаар авчээ. Саки баазад ихээхэн гэмтэл учирсан нь зургаас харахад илт байжээ.
Зургуудыг АНУ-ын Planet Labs компани авсан байна. Тус компани Украинд олон зуун зураг авч, шинжилгээ хийдэг аж.
Найман онгоц сүйрснийг хиймэл дагуулын зургууд баталжээ. Өчигдөр болсон дэлбэрэлтийн дараа нисэх хүчний баазад том нүх бий болж, гал гарч, нэг хүн амиа алджээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам зэвсгийн агуулах дэлбэрсэн, онгоц шатаагүй, манай бааз руу хэн нэгэн дайраагүй гэсэн байна.
Киев энэ дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээхгүй гэж мэдэгдсэн. Украины Батлан хамгаалахын сайд Олексей Резников “Бааз дахь цэргүүд энгийн дүрмийг баримтлаагүй. Тэд аюултай газарт тамхи татах ёсгүй шүү дээ” гэжээ.
Гэрчүүд 12 удаа дэлбэрэлт болсон гэж мэдүүлсэн байна. Баазын ойролцоох эрэгт амарч байсан иргэд сандралдан гүйлдэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан юм.
Энэ бааз орос жуулчдын ирэх дуртай амралтын газартай ойр байрладаг.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Бэн Уоллэс “Баазад хоёр удаа дэлбэрэлт болсон. Осол гэхээс илүүтэй дайралттай адилхан дэлбэрэлтүүд болсон. Украин Крым руу довтлох, газар нутгаа эргүүлэн авах, үүний тулд хүч хэрэглэх эрхтэй” гэж ярьжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өнгөрсөн сард “Крым руу дайрах нь Украинчуудад мөхөл төгсгөл авчирна” гэж анхааруулсан юм.
Эх сурвалж: BBC
