
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн.
Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Засгийн газраас энэ хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр нөлөөг судалсан байна. Ингээд шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хуулийн төслийг боловсруулжээ.
“Олон нийтийн дунд энэ хууль зөвхөн торгодог, шийтгэдэг гэсэн ойлголт байдаг. Тиймээс үүнийг засах үүднээс төр шалган тусалдаг, зөвлөдөг зэргээр гаргасан зөрчилд шууд торгууль оногдуулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулсан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн юм.
Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудыг хүргэе.
ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ БОЛОМЖ ОЛГОЖ САНУУЛНА
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуульд нийгмийн хор аюул бага буюу тэр даруйд залруулах боломжтой зөрчилд сануулах арга хэмжээ авахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгосон байдаг. Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шийтгэлийн төрлийг нэмэгдүүлж сануулах шийтгэлийг шинээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахааргүй зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд хугацаатай шаардлага өгч, тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгож сануулах юм.
Тухайлбал нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар аваагүй байх, Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, арилсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, тогтоосон хугацаанд иргэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт түгээмэл гардаг зөрчлүүдэд шууд торгохгүйгээр сануулах боломжуудыг нээх аж.
Нийгмийн хор аюул бага, шууд таслан зогсоох боломжтой зөрчлүүдэд сануулах шийтгэлийг оногдуулснаар нэгдсэн журмаар бүртгэх боломж байгаа бөгөөд үүнээс нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг шалган шийдвэрлэдэг цагдаагийн байгууллага, тэр дундаа Тээврийн цагдаагийн албанд сануулах шийтгэл оногдуулах боломж бүхий бүртгэлийн систем бүрдэх юм байна.
Сануулах шийтгэлийг зөрчил бүрт оногдуулах боломжгүй бөгөөд нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан зөрчлийг сануулах зохицуулалтад хамааруулахгүй байхаар тусгажээ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, мөрийтэй тоглох, Галт зэвсгийн тухай хууль зөрчих, Жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хууль, Донорын тухай хууль зөрчих гэх мэт зөрчлүүд сануулах зохицуулалтад хамаарахгүй юм байна.
ТОРГУУЛИА ХУГАЦААНД НЬ ТӨЛБӨЛ ШИЙТГЭЛИЙГ ХОЁР ДАХИН ХӨНГӨРҮҮЛНЭ
Зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа иргэдийн 95 орчим хувь нь зам тээврийн зөрчлүүд гаргасан байдаг. Тухайлбал 2017 оноос хойш нийт гарсан зөрчлийн 95 орчим хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил эзэлжээ.
Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг хоёр дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалтыг шинээр тусгажээ.
Одоо мөрдөж буй Зөрчлийн хуулиар хамгийн доод шийтгэл арван мянган төгрөг. Тухайлбал ийм хэмжээний торгууль авсан иргэн үүнийгээ 14 хоногийн дотор барагдуулсан тохиолдолд 5000 төгрөг болох юм. Энэ нь торгох шийтгэлээр шийтгэгдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэлийг цаг хугацаандаа биелүүлэх хөшүүрэг, нөгөө талаас хуулийн хэрэгжилт, хуулиар оногдуулсан шийтгэлийн биелэлт бүрэн хангагддаг байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.
БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛИЙГ ОНОГДУУЛАХГҮЙ БАЙХ ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцангуй өргөжүүлэн тусгажээ. Тодруулбал шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба
жирэмсэн эмэгтэй,
0-3 насны хүүхэдтэй эх,
арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх,
хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн,
баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн,
бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй байхаар тусгасан байна.
Түүнчлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн тоо 10 байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хөрөнгө завших, хулгайлах зөрчлийг хасаж нийт 7 зөрчилд баривчлах шийтгэл хүлээлгэх зохицуулалттай байна. Эдгээр нь:
бусдыг доромжилж, эсхүл хэрүүл маргаан үүсгэж, эсхүл өдөөн хатгаж, эсхүл олон нийтийг үл хүндэтгэж үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн нь бусдын амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан;
хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдээс бусад бодис, түүхий эдийг хэрэглэж мансуурсан;
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан;
тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй;
жагсаал цуглааныг зохион байгуулагч, оролцогч зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, амьтан авч явсан;
тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн;
Түүх, соёлын дурсгал зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан.
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. Дээрх хуулийн төслүүдийг ажлын хэсэг байгуулж, дүгнэлтийг дахин бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.
