BBC” агентлаг Орос дахь далд хорлон сүйтгэх сүлжээний тухай баримтат кино бүтээжээ. Польшийн бие даасан сэтгүүлч Марцин Мамоны бүтээсэн уг кинонд Украины тагнуулын албанд нууцаар ажилладаг гэх Оросын хоёр иргэн өөрсдийн оролцсон ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэдний оролцсон ажиллагаанууд нь дан Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн техник хэрэгсэл болон цэргийн албан хаагчдыг онилсон байсан аж.
Иван гэх цэргийн хувьд (хэвлэлийнхний өгсөн зохиомол нэр) Оросын нутаг дахь стратегийн бөмбөгдөгч онгоцууд болон зэвсгийн үйлдвэрүүдэд дроноор халдах ажиллагаанд Оросын нутаг дэвсгэрээс оролцжээ.
Харин Фома гэх цэрэг нь (мөн зохиомол нэр) Украины Цэргийн тагнуулын газрын овоо хараанд байгаа Оросын өндөр албан тушаалтнуудыг ажиглан тандах сайн дурынхны нууц сүлжээг удирддаг. Чухам ямар албан тушаалтнуудыг онилж байснаа тухайлан дурдаагүй ч гэлээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дэслэгч генерал Фаниль Сарваров Москвад алагдсаны дараа түүнтэй холбоотой мэдээллийг Украинд дамжуулж байсан гэдгээ тэр хүлээн зөвшөөрчээ.
Украины Цэргийн тагнуулын газар Иван, Фома нарыг агентлагт нь ажилладаг болохыг баталсан байна. Гэхдээ агентлаг өөрөө ч бүх нөхцөл байдлыг бүрэн мэдэх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Иваныг хариуцдаг ажилтнаас түүнд бүрэн итгэж болох эсэхийг асуухад “Би өөрөөсөө өөр хүнд бүрэн итгэдэггүй” гэж хариулсан байна.
Украины эрх баригчид өмнө нь ч энэ төрлийн ажиллагааны арга барилыг хүлээн зөвшөөрч байсан юм. Тодруулбал, Оросын нутаг дахь хууль ёсны цэргийн байнууд руу зохион байгуулалттайгаар дроны цохилт өгдөг стратегитай, үүндээ нууц ажилтнууд ашигладаг гэж Украин ил тод хэлж байсан. Дайн эхэлснээс хойш Орост цөөнгүй улс төрийн аллага гарсан. Тухайлбал, 2024 оны арванхоёрдугаар сард өндөр албан тушаалын цэргийн зүтгэлтэн дэслэгч генерал Игорь Кирилловыг хөнөөсөн ажиллагааны ард Украин байсан гэдгийг Киевийн тагнуулын албаны нэгэн ажилтан хүлээн зөвшөөрч байжээ.
Украины төлөө ийм төрлийн ажил хийдэг хэчнээн орос хүн байдаг нь тодорхойгүй. Фомагийн хэлснээр 300-500 хүн байдаг гэх ч үүнийг баталгаажуулах боломжгүй юм.
Иван, Фома нарын хувьд зөвхөн дайныг бус Путины дэглэмийг бүхэлд нь эсэргүүцдэг. Путины улс төрийн ирээдүй дайны үр дүнгээс шалтгаална гэж тэд үздэг.
Иван хэлэхдээ “Хэрвээ Орос энэ дайнд ялагдвал Путины дэглэм нуран унаж магадгүй. Бидний хийж байгаа зүйл бол энэ үйл явцыг түргэсгэх гэсэн оролдлого юм” гэжээ. Түүний хийдэг үндсэн ажил нь цэргийн байгууламжуудыг ажиглах, Оросын цэргийн объектуудад халдах боломжит ажиллагаанд зориулан дроны эд ангиудыг урьдчилан байрлуулах газрыг олох аж. Үүний үр дүнд хэдэн арван сая ам.долларын үнэтэй объектыг ганцхан цохилтоор устгах боломж бүрддэг. Иван Оросын цэргийн нисэх буудлын ойролцоо тэсрэх бодис нууж байгаа дүрсээ мөн хуваалцжээ. Хэрвээ тэр энэ үйлдлийнхээ төлөө баригдсан бол терроризмын хэрэгт буруутгагдан олон жилийн хорих ял авах байв.
Фомагийн үүрэг Иваныхаас арай өөр. Фома алсаас ажиллаж, Орост байгаа сайн дурынхнаа цахимаар сургадаг. Тэр өмнө нь Оросын эрх мэдэлтнүүдийн хүрээлэлд байсан учраас онцгой харилцаа холбоотой, дотоод мэдээллийг хялбархан олж авч чаддаг аж.
Тэрбээр газрын зураг дээрх тэмдэглэгээгээ тайлбарлахдаа “Энд агуулахууд, цэргийн ангиудын байршлын мэдээллийн сан байна. Генералууд хаана амьдардаг, Украин руу пуужин харвадаг стратегийн бөмбөгдөгч онгоцны нисгэгчид хаана амьдардгийг ч эндээс харж болно. Системийг эвдэхийн тулд эхлээд яаж ажилладгийг нь ойлгох хэрэгтэй. Тэгж байж хамгийн сул цэгийг нь онилно” гэжээ.
Фомагийн сүлжээнд 30 орчим хүн байдаг. Тэд зөвхөн Орост бус Украин болон Европын бусад оронд тархан ажилладаг. Оросоос гадуурх гишүүд нь зорилтот хүмүүсийн цахим орчин дахь үйл ажиллагааг хянах зэрэг дэмжлэг үзүүлдэг байна. Тус сүлжээнийхний ажиглах хүмүүсийн жагсаалтыг Украины Цэргийн тагнуулын газраас санал болгодог ч тухайн хүнийг үнэхээр дайны гэмт хэрэгтэн гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг тэд дотооддоо давхар шалгадаг.
Дээрх мэдээллүүдийг харвал, Фомагийн сүлжээний үүрэг нь зөвхөн мэдээлэл дамжуулах гэдгийг ойлгож болно. Тус сүлжээ ямар ч аллагыг өөрсдийн гараар үйлддэггүй гэсэн үг.
Тэд баригдах эрсдэлээс зайлсхийхийн тулд тодорхой зохион байгуулалтгүй ажилладаг нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл, тэд хамт ажилладаг буюу зорилго нэгтэй хүмүүсээ хэзээ ч харж байгаагүй, хэн болохыг нь мэддэггүй. Хэрвээ тэд бүлэг болон нэгдээд, чат үүсгэх ч юм уу ямар нэг байдлаар цахим орчинд ул мөр үлдээгээд эхэлбэл баригдах магадлал нь ихсэх юм.
Иван, Фома нарын хэлж буйгаар тэдэн шиг ажил хийх хүн Орост одоо бараг үлдээгүй.
Учир нь үзэл санааныхаа төлөө тэмцдэг хүмүүсийн олонх нь хэдийнэ эх орноо орхин дүрвэсэн, эсвэл шоронд хоригдсон.ЭХ СУРВАЛЖ: BBC
