
Газын зурвасын өмнөд хагасаас хуурай замын цэргийн бүх хүчээ татаж байгааг Израилийн арми Ням гарагт зарлалаа.
Харин зурвасын хойд хагаст явган цэргийн хоёр бригад үлдээхээр болжээ.
Энэ нь сүүлийн дөрвөн сар орчим хугацаанд ширүүн тулааны талбар болсон Хан Юнис хотын нөхцөл байдал тогтворжино гэсэн үг юм.
“Бидэнд Хан Юнист байх шаардлагагүй болсон. 98 дугаар дивиз Хан Юнис дэх Хамасын бригадуудыг, олон мянган гишүүнийх нь хамт устгасан. Бид энд хийж чадах бүх зүйлээ хийсэн” гэж Израилийн армийн төлөөлөгч Хаарец сонинд ярьжээ.
Ингэснээр Хан Юнис хотоос дүрвэсэн оршин суугчид орон гэртээ буцах боломжтой болж байгаа юм байна.
Одоо Израилийн арми Газын зурвасын хамгийн өмнөд цэгт оршдог, 1.5 сая хүн бөөгнөрсөн Рафа хотод байлдааны ажиллагаа явуулж байгаа.
“Тактикийн” гэж тодорхойлсон цэргийн хүчээ татах энэ шийдвэр нь Египетийн нийслэл Кайр хотод Израиль-Хамасын ээлжит яриа хэлэлцээ эхлэх цаг үетэй давхцаж байна.
Дайтагч талуудын хооронд хоёр дахь удаагаа гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах зэрэг асуудлыг Кайрт хэлэлцэх гэж байгаа юм.
Палестины Хамас зэвсэгт байгууллага Кайрт төлөөлөгчдөө илгээх болсныг Бямба гарагт зарласан. Ням гарагт Израилийн тал бас хэлэлцээ хийх хүмүүсээ илгээх болсныг мэдэгдсэн юм.
Израилийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Моссадын тэргүүн Шин Бэт багтсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.
АНУ-ын талаас Тагнуулын Төв Газрын захирал Билл Бёрнс, Катарын талаас гадаад хэргийн сайд Шэйх Мохаммед бин Абдулрахман Аль Тани оролцох төлөвтэй байгааг бас мэдээлжээ.
Арваннэгдүгээр сарын сүүлээр болсон эхний гал зогсоолтын үеэр Хамаст барьцаалагдсан 100 хүнийг Израилийн шоронд хоригдож байсан 240 орчим палестин эмэгтэйчүүд, хүүхдүүдээр солилцсон юм.
Үүний дараа илүү урт хугацаагаар гал зогсоох, үлдсэн барьцааны хүмүүсийг суллах яриа хэлэлцээнүүд дараалан үргэлжилсэн ч бүгд бүтэлгүйтээд байгаа.
