
“Cainiao Network Technology”-ийн зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.доллар
“Alibaba Group”-ийн эзэмшдэг логистикийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Cainiao Network Technology” компани Хонгконгт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжихаар банкнуудтай хамтран бэлтгэл ажилдаа орсныг эх сурвалж мэдээлж байна.
Ингэснээр тус компани “Alibaba Group”-ийн зургаан салбар нэгжээс хамгийн эхэнд IPO хийх компани болж байгаа юм.
IPO-ийн бэлтгэл ажлын хүрээнд “China International Capital”, “Citigroup” зэрэг томоохон банкнуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдээлжээ. Одоогийн байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 20 гаруй тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Харин хэдий хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлэхийг тус компани хараахан шийдээгүй байгаа бөгөөд IPO хийх өдрийн товыг хараахан зарлаагүй байгаа юм.
12 дугаар сарын 31-нээр эцэслэсэн тайлант хугацаанд “Alibaba Group”-ийн орлого 27 хувиар өсөж, 2.4 тэрбум ам.доллар хүрчээ.
