
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шатахууны үнийг тогтвортой барих зорилгоор шатахуун импортлогчдод валютын дэмжлэг үзүүлнэ. Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин үүслээ. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж байгаа, манай улсад 1000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан.
Хоёрдугаарт, хууль батлагдсанаар шатахуунаас гадна гурил, махны үнийг тогтоон барих боломж бүрдлээ. Энэ хүрээнд нөөцөд байсан улаанбуудайг ААН-үүдээс худалдаж авна. Мөн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татвар таван хувь байгааг 2022 он дуустал тэглэнэ. Дотооддоо ургамлын тос үйлдвэрлэгчдийг татвараас чөлөөлнө. Хүнс үйлдвэрлэгчдэд нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, төрөөс хүүгийн татаасыг нь олгоно. Энэ саналаа УИХ-д өргөн барьж ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхэлнэ” гэлээ.
