
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийн 15.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь Эрдэнэсийн санд худалдах эрдэнэс тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэгтэй.
Энэхүү заалтыг Монголбанк өөрөө эрдэнэс авах, хүнд металлын сорьц тогтоож болох агуулгатайгаар энэ заалтыг оруулсан. Ингэснээр төв банкны үйл ажиллагаа боловсронгуй болно. Нөгөө талаас үнэт металийн сорьцтой холбоотой үүсэж болох эрсдэлийг төр дангаараа хариуцаж байгаа эрсдэл буурна. Төр сорьц тогтоосноос хувийн хэвшил энэ бизнест оролцсоноор илүү өргөн хүрээтэй, олон улсын жишиг стандартад нийцсэн лаборатори болон тоног төхөөрөмжийг оруулж ирж, энэ чиглэлд өрсөлдөөн бий болж, чанар сайжирна. Одоогоор эрх бүхий байгууллага болох Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс итгэмжлэл авсан “Ханлаб” ХХК, “ASL”, “Steppe Gold” гэдэг гурван лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Энэ гурван лабораториор сорьцлуулсан сорьцод ямар нэгэн алдаа гаргаагүй байна.
