
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг “Чөлөөлөх өдөр” хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан.Зэрлэг амьтдаас өөр оршин суугчгүй алслагдмал арал хүртэл худалдааны дайнаас ангид үлдэж чадсангүй. Тодруулбал, Австралийн нутаг дэвсгэрт хамаардаг Херд болон Макдоналдын арлууд, Хойд мөсөн далай дахь Норвегийн нутаг дэвсгэр Ян Майен арал жагсаалтад багтжээ. Эдгээр арлын аль алинд нь хүн амьдардаггүй.
Херд болон МакДональдын арлууд нь хамгийн алслагдмал хуурай газруудын нэг бөгөөд оцон шувуу, далайн хав л амьдардаг. Австралиас завиар 14 хоног аялж байж энд хүрэх боломжтой. Экологийн онцлогийг нь хадгалж үлдэхийн тулд хүссэн хүн бүрийг тус аралд нэвтрүүлдэггүй.
Харин Ян Майен арлын хувьд Норвегийн вант улсын нэг хэсэг. Байнгын хүн амгүй ч тэнд Норвегийн арми болон тус улсын Цаг уурын хүрээлэнд өвлийн улиралд ажилладаг 18 албан хаагч, зуны саруудад ирдэг 35 ажилтан байдаг.
Хэдийгээр хүн амгүй, өөрийн гэсэн эдийн засаггүй ч дээрх хоёр арал эх газрын Австралитай зэрэгцэн Трампийн жагсаалтад багтжээ.
Түүнчлэн 2188 хүн амтай Норфолкийн арал ч жагсаалтад багтсан бөгөөд 29 хувийн татвар ногдуулсан. Норфолк арлыг яагаад онцолсныг сайн ойлгохгүй байна гэж Австралийн ерөнхий сайд Энтони Албанез хэлжээ. Тэрбээр “Норфолк арал АНУ-ын аварга эдийн засгийн худалдааны өрсөлдөгч гэдэгт эргэлзэж байна. Энэ алхам нь дэлхийн аль ч газар Трампийн худалдааны дайнаас ангид үлдэхгүйг харуулж байна” гэжээ.
Гэхдээ Норфолк аралтай АНУ худалдаа хийдэггүй биш хийдэг ажээ. Тодруулбал, 2023 онд Норфолк арал АНУ руу 655 мянган ам.долларын худалдаа хийжээ. Тэр дундаа 413 мянган ам.долларын савхин гутал экспортолсон байна.
