
“Нэг урлан” үзэсгэлэнг ирэх сарын 2-ноос 14-ний хооронд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж байна. Энэ нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Ц.Нарангэрэл багш, түүний үе үеийн төгсөгчдийн хамтарсан гурав дахь удаагийн үзэсгэлэн юм.
Зураач Ц.Нарангэрэл нь Төрийн соёрхолт, Ардын зураач Л.Гаваагийн шавь ба 1986 онд Бүгд Найрамдах Чех улсын нийслэл Прага хотноо Монументаль уран зургийн чиглэлээр суралцжээ. Ирээд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн Монументаль урлагийн тэнхимийг 1990-2017 он хүртэл удирдан багшлахдаа 160 гаруй зураач, уран бүтээлч бэлтгэн, дүрслэх урлагийн шинэ залуу үеийг бий болгожээ.
Мөн тэрээр МУЭХ-ны “Зураг урлалын газар”-ын Монументаль чимэглэлийн үйлдвэрт ажиллах хугацаандаа “Эрдэнэт хивс” ХХК-ийн үйлдвэрийн захиргааны хэсэгт “Хүннү” сэдэвт мозайк, Улаанбаатар хотын “Гэрлэх ёслолын ордон”-ы ханын чимэглэл, Жанчивлан рашаан сувиллын “Домог” ханын зураг, Баянгол амралтын үүдний витраж чимэглэл зэрэг чулуун шигтгэмэл, монументаль урлагийн томоохон бүтээлүүдийг хамтран бүтээжээ. 2009 онд Төрийн ордны их хурлын гэр өргөөнд байрлуулсан дөрвөн “Хаадын хөрөг” чулуун шигтгэмэл, “Бурхан халдун” монументал уран зургийг удирдан шавь нарын хамт хийсэн байна.
Тэрбээр байгалийн уран зургийн чиглэлээр олон уран бүтээл туурвисан. “Аргалын Утаа”, “Ээжий бөн бөн”, “Зэрэглээ” зэрэг бүтээлүүд нь Монголын Уран зургийн галерейн улсын сан хөмрөгт хадгалагдаж байна. Багш, зураач Ц.Нарангэрэлийн бүтээлүүд эв маяг, сэдэв агуулга, дүр дүрслэл, өнгө аясаараа маш өргөн хүрээтэй тул олон төрөл зүйлд ангилагдах ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, судлан сурталчлах гэсэн үзэл санаагаар нэгддэг.
Ц.Нарангэрэл багшийн төдийгүй түүний шавь нарын уран бүтээлүүд өөр өөрийн өвөрмөц хэллэгээр Монголын үзэсгэлэнт байгалийн гайхамшигт үзэмжийг илэрхийлэн эх орныхоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд оюуны мэлмийг гийгүүлсээр байгааг онцлоход таатай байна. Түүнчлэн түүний шавь нарын арга барил өөр хоорондоо харилцан адилгүй, керамик, туурган хивс, график, уран зураг зэрэг олон төрлийн техник арга ажиллагааг бүтээлдээ ашигладаг нь энэ урлангийн онцлог юм.
“Нэг урлан” хамтарсан үзэсгэлэнгээр уран бүтээлчид маань үндэсний үнэт зүйл болсон соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн, дахин давтагдашгүй, гайхам сайхан бүтээлүүдийг Та бүхэндээ хүргэхээр зорьжээ.
