
Японы гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд хурдны замын оператор зургаан компанийг шүүхэд өгөхөөр болсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Дээрх компаниуд зарим хурдны замын нэвтрэх хэсэгт бэлэн мөнгөөр тооцоо хийхийг зогсоож, “Pasoca” карт бүхий электрон төлбөрийн систем нэвтрүүлсэн нь якуза нарыг шүүхэд хандахад хүргэсэн байна.
Японы засгийн газар 2030 он гэхэд бүх хурдны замын орц гарцыг ийм бэлэн бус төлбөр тооцооны системд шилжүүлэхээр төлөвлөжээ.
“Би өөрийгөө хурдны замаар зорчих эрхээ хасуулах ямар нэг буруу зүйл хийгээгүй гэж бодож байна” гэж Японы хамгийн том якуза бүлэг Ямагучи гумигийн толгойлогчдын нэг ярьсныг Асахи сонин мэдээлсэн байна.
Тэрбээр “Pasoca” карт эзэмших эрхтэй болохын төлөө эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгджээ.
2011 онд Японы засгийн газар гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэх журамтай болсноос хойш якуза нар банканд данс нээлгэх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах зэрэг бусад олон төрлийн үйлчилгээ авах эрхгүй болоод байгаа.
Якуза нарт үйлчилсэн байгууллагуудыг шийтгэхээр дээрх журамд заасан юм. Журмыг зөрсөн тохиолдолд хувь хүнийг 500,000 иен ($3,786) хүртэл мөнгөөр торгох, байгууллагын албан тушаалтныг нэг жил хүртэл хугацаагаар хорих шийтгэлтэй болсон байна.
Үүний үр дүнд гэмт хэргийн бүлэглэлүүдэд харьяалагддаг якуза нарын тоо 2020 онд 25,800 болж, 2010 оноос 70 орчим хувиар буурсныг тус улсын үндэсний цагдаагийн газрын тоо баримт харуулжээ. Японы гэмт хэргийн бүлэглэлүүд бусдын биеийг үнэлүүлэх, айлган сүрдүүлэх, цагаан захтны гэмт хэрэг үйлдэх зэрэг үйл ажиллагаанаас гол орлогоо олдог.
Өнгөрсөн онд Pasoca карт авахын тулд бусдын нэр, иргэний бичиг баримтыг ашигласан есөн якузаг цагдаа нар илрүүлэн баривчилж байжээ.
Эдгээр якуза нар эрхээ хамгаалахаар шүүхэд хандаж байгаа юм байна.
“Хурдны зам нь татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан нийтийн өмч учраас ямар ч үндэслэлгүйгээр тодорхой хэсэг хүмүүсийн зорчих эрхийг хязгаарлах нь хууль бус үйлдэл юм” гэж якуза нарын өмгөөлөгч ярьсан байна.
Эх сурвалж: Asahi Shimbun
