
Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар санаачилж 2022 оны наймдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах гэх зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болохыг онцолж, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэх нь хүн амын өсөлт, улс орны ирээдүйн хөгжилд онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Тэрбээр, эмэгтэйчүүдийг алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцын 11-дүгээр зүйлээр олон улсын өмнө хүлээсэн “эрэгтэй, эмэгтэйчүүдэд ажлын хувьд тэгш хандах, ажлын чанарыг адил үнэлүүлэх, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө барьцаалах болон бусад хэлбэрээр санхүүгийн зээл авах эрхээр хангах тухай” үүргээ манай улс биелүүлэх шаардлагын үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан.
