
13 настай охиныхоо хичээл дээр зурсан дайны эсрэг агуулгатай зургийн улмаас гэрийн хорионд байсан ОХУ-ын иргэн оргосон тухай өмгөөлөгч нь өчигдөр мэдээлжээ.
Түүний охин Маша хичээл дээрээ Украины ээж, хүүхэд рүү Оросын пуужингууд нисэж байгааг дүрслэн зурж байсан юм. Энэхүү зургийн улмаас Москвагаас өмнө зүгт оршдог Ефремов тосгоны оршин суугч Алексей Москалёв гэрийн хорионд ороод байжээ.
Охиныг нь түүнээс салгаж, улсын асрамжийн газарт шилжүүлсэн юм.
Өчигдөр орон нутгийн шүүх Москалёвт зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ.
Гэвч шүүх хуралд тэр өөрөө оролцоогүй байна. Москалёвын өмгөөлөгч Владимир Билиенко үйлчлүүлэгчээ Даваа гарагаас хойш хараагүй, хаана байгааг нь мэдэхгүйгээ шүүхэд мэдээлжээ.
“Үнэнийг хэлэхэд би өөрөө хүртэл цочирдож гайхаад байна” гэж тэр энэ үеэр ярьсан байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Машагийн зурсан зургийн талаар сургуулийн захиргаа цагдаагийн газарт мэдээлснээр Москалёвыг хууль хүчний байгууллагууд анхааралдаа авч байжээ.

Дараа нь тэд Москалёвын сошиал хуудсыг нягтлан шалгаад Оросын армийн үйл ажиллагааг шүүмжилсэн утгатай нийтлэл илрүүлж, 35,000 рублиэр ($460) торгож байв.
Өчигдөр оноосон ял нь түүний сошиал хуудсан дахь нийтлэлтэй холбоотой шийтгэл байжээ. Гэхдээ охиных нь зурсан ураг анхаарал татаагүй бол түүний сошиалд бичсэн зүйлийг анзаарахгүй байх байсан гэж өмгөөлөгч нь болон хүний эрхийн байгууллагууд үзэж байгаа.
Өмгөөлөгч Билиенко өчигдөр Машагийн байгаа улсын асрамжийн газарт очиж, түүнтэй уулзсанаа мэдээлжээ. Бас шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Москалёв охинтойгоо хоёулхнаа амьдардаг нэгэн байжээ.
Эх сурвалж: Reuters
