
Эзгүй хоосон, байнга ашиглагддаггүй орон сууцнаас татвар авдаг болох Киото хотын захиргаанаас гаргасан саналд Япон улсын засгийн газрын холбогдох яам зөвшөөрөл олгох гэж байгаа тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Залуу үеийнхэнд орон сууцны хүрэлцээг нэмэгдүүлж, үнэ ханшийг тогтворжуулах зорилготой энэхүү шинэ татварыг Киото хот 2026 оноос эхлэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Хэрвээ энэ татвар хэрэгжвэл ижил асуудалтай байгаа Японы бусад хотуудад жишиг болох юм.
Ашиглалтгүйгээс гадна аялал жуулчлал, амралтын зориулалттай буюу иргэдийн хоёрдогч орон сууцнууд үүнд хамаарах юм байна. Татварын хэмжээг үл хөдлөх хөрөнгийн байрлал, насжилт, чанар зэргийг харгалзан тогтоох гэнэ.
Тухайлбал 40 жилийн настай, 60 метр квадрат талбайтай, түргэн зарагдах боломж багатай орон сууцны жилийн татвар 24,000 иен ($184) байхаар тусгажээ.
Харин хотын төвд байрлалтай, 5 хүртэл жилийн настай, 100 метр квадрат талбайтай, аялал, амралтын зориулалтаар түрээслүүлж ашигладаг орон сууцны татвар жилийн 939,000 иен ($7,186) байх гэнэ.
Киото хот одоо 15,000 орчим ашиглалтгүй орон сууцтайг албаны эх сурвалж мэдээлжээ. Эдгээрээс авах татварын хэмжээ жилдээ 950 сая иен ($7.27 сая) болох тооцоо гарсан байна.
Эх сурвалж: Kyodo News
