
Цахим хуудаст өнөөдөр /2023.03.22/ нэгэн ээж хүүхэд нь цэцэрлэгтээ удаа дараагийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээллийг зурагтай нийтэлсэн. Тодруулбал, тухайн эцэг эхийн мэдээллээр “Гуравдугаар сарын 20-ны Даваа гаригийн орой охиноо цэцэрлэгээс авдаг эгчийн гэрээс очиж авсан. Тэгэхэд танай охин цэцэрлэг дээрээ бэртсэн бололтой гэж багш нь хэлж байна лээ гэсэн. Охиныхоо духыг хартал зүүн хэсэгтээ хөхөрч хавдан судас нь дагаж тэлсэн хагаралттай байлаа. Үүнийг хараад багш руу нь залган асуутал анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо гэсэн хариу тайлбар өгсөн бөгөөд хөхрөлтөөс харахад бага насны ялангуяа хоёрхон настай хүүхдийн хийх үйлдэл яавч биш байсан.
Тиймээс маргааш өглөө нь цэцэрлэгийн камерыг шүүж үзэхэд охиныг минь цэцэрлэгийн хаалганаас эхлүүлэн чирч, газар унах үед нь гараас дээш татан савчиж, агаарт өргөн чирч, ариун цэврийн өрөө рүү авч орон таван минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа.
Энэ хооронд юу болж байгаа нь ойлгомжтой байсан. Багш хүүхдийг камерын бичлэг хийгддэггүй газар оруулан хүчирхийлэл үйлддэг нь ил тод. Угаасаа камерын бичлэг дээр багшаас өөр хүн хүүхдэд маань хүрээгүй нь тод бөгөөд томруун харагдана. Өмнө нь хүүхдийн маань хамранд шүр чихэж явуулах мөн хүүхэд хүндээр бие засах үед арчиж өгөөгүйгээс үүдэн хүүхдийн эмзэг газрууд өтгөндөө түлэгдэн үнэр орох, чих рүү нь цохисноос үйлдэлтэй цус хуралт гэх мэт асуудлууд бишгүй гарч байсан. Тухай бүрд нь цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн.
93 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн хоёр багш ангидаа орилж хүүхдүүдтэй зүй бус харьцаж байгаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшсэн хүмүүс яавч биш.
Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан” гэлээ.
93 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ: ХҮҮХДИЙН БИЕД УЧИРСАН ГЭМТЛИЙГ ШҮҮХ ЭМНЭЛЭГ ТОГТООНО ГЭСЭН
Бид энэ мэдээллийг дагуу тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдож дараах тайлбар мэдээллийг мөн авлаа.
Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс гуравдугаар сарын 20-ны 17:20 цагт бага бүлэг тарах үеэр тухайн хүүхэд хаалгаар гарах гэж байгаад хаалганд цохигдож унасан. Улмаар энэ үед нь багш тусламж үзүүлэх үүднээс сандарч очиж, хүчтэй татаж угаалгын өрөө рүү авч орсон юм байна. Камерын бичлэг дээр бүгд бичигдсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс угаалгын өрөөнд удсан учир хүүхдийг хүчирхийлж, биед нь халдсан байж болзошгүй гэдэг зүйл хэлсэн.
Одоо би болон бусад удирдлагууд тухайн бүлгийн багш нар цагдаа руу мэдүүлэг өгөхөөр явж байна.
Хүүхдийн эцэг, эхтэй гуравдугаар сарын 21-нд уулзаж, багшид хариуцлага тооцох талаар мэдэгдэж, ямар санал хүсэлттэй байгааг асуухад хуульчтайгаа холбогдож байж хариу хэлнэ гэсэн. Уг нь ээж нь хүүхдээ өдөр бүр ирж авдаг ч тухайн өдөр аваагүй юм байна лээ. Хүүхдийн биед ил харагдах хөхрөлт үүссэн учраас Шүүх эмнэлгээр гэмтлийн зэргийг тодруулахаар болсон. Хариу нь гурав хоногийн дараа гарна гэсэн.
Багш нартай холбоотой ёс зүйн асуудлаар өмнө нь бидэнд гомдол ирээгүй. Багш үүнийг мэдэгдээгүй.
Хүүхдийн биед халдсан, хамарт нь шүүр хийсэн зэрэг асуудал нэгдүгээр сард үүссэн байсан. Гэвч бид энэ талаар сая болсон хэрэг явдлын дараа л мэдлээ. Тиймээс цэцэрлэгийн зүгээс хүлээх ёстой хариуцлагаас гадна хүүхдэд учирсан асуудлаар бусад тайлбар мэдээллийг өгөхөд мөн бэлэн байна.
Цагдаагаас өчигдөр камерын бичлэгийг аваад явсан.
Өнөөдөр мөн прокурор дээр тухайн бичлэгийг хуулж өгөх хэрэгтэй гэсэн” гэлээ.
Ямартай ч цэцэрлэгт болсон үйл явдал нь үнэн бөгөөд багш санаатай үйлдэл гаргасан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох аж. Мөн цэцэрлэгийн зүгээс хоёр багшид ёс зүйн хариуцлага тооцно гэлээ.
