
Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын санхүүгийн төв гэгддэг Шанхай хот өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээс эхлэн хөл хорионы дэглэмд шилжсэн билээ.
26 сая хүн амтай Шанхай хотын оршин суугчид коронавирусийн эсрэг хөл хорионы улмаас сүүлийн 14 хоногийн хугацаанд гэртээ “түгжигдсэн” байдалтай байгаа билээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээд буйгаар хүмүүс хатуу хөл хорионы улмаас гадаад ертөнцөөс бүхэлдээ тусгаарлагдсан байдалтай байгаа бөгөөд шаардлагатай эм, хоол хүнсээ хүргэлтийн үйлчилгээг ашиглана авч байна. Гэсэн хэдий ч 26 сая хүн амтай хотод хоол хүнсний хүргэлт удах, хүрэлцээгүй байх зэрэг асуудал үүсэж иргэдийг бухимдуулаад байгаа юм. Үүнээс гадна шаардлагатай эм тариагаа худалдан авах боломж нь хомс, цахимаар хүнсээ захиалж мэдэхгүй ахмад настай иргэдэд тус хөл хорио хамгийн хүндээр тусаад байна.
Мөн эцэг эхийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд хүүхдүүдийг нь гэр бүлээс нь өөр газар тусгаарлаж буй үйлдлийг маш олон эцэг эхчүүд эсэргүүцээд байна. Тухайлбал Йогийн багш хийдэг Женни Тао болон түүний нөхрийн шинжилгээний хариу эерэг гарсны дараагаар тэдний гурван настай охиныг тав хоног өөр эмнэлэгт ганцааранг нь тусгаарласан талаар тэрбээр мэдээллээ
Эрх баригчдын зүгээс иргэдийн хөл хөдөлгөөнд дроноор хяналт тавьж, робот нохойнууд гудамж талбайд эргүүл хийж, цагаан хоолойгоор хүмүүсийг гэртээ байж, цонхоор хашхирахгүй байхыг анхааруулдаг байна.
Энэ мэт олон шалтгааны улмаас олон хоног үргэлжилсэн хөл хорионы дэглэмд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн хотын оршин суугчид өөрсдийн амьдардаг орон сууцны цонхоор хашхирч эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Мөн зарим иргэд хөл хорионы дэглэмийг зөрчин гудамж талбайд гарч улмаар дэлгүүрийн цонхыг хагалан орж хүнсний бараа, бүтээгдэхүүн аван гарч буй дүрс бичлэгүүд цахим сүлжээнд тархаад байна.
Үүний хариуд хотын эрх баригчид коронавирусийн тархалт буурсан тохиолдолд хотын хэд хэдэн дүүрэгт хорио цээрийн дэглэмийг сулруулахаа амлаад байна.
