
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймагт 20 сая мод тарьж ургуулахаар болсон.
“Тэрбум мод-Баян-Өлгий аймаг” зөвлөгөөн Өлгий хотод болж өндөрлөлөө. Тус аймагт үндэсний хөдөлгөөний хүрээнд ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр мод үржүүлгийн дөрвөн талбай байгуулна. Мөн мод тарьж ургуулсан, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, жимсний аж ахуйг хөгжүүлэх байгууллага, иргэдийг бодлогоор дэмжинэ.
300 га талбайд жимс, жимсгэнийн 900 мянган мод тарих бөгөөд “Өрх бүр таван ширхэг мод” аян өрнүүлж, сум бүрдээ залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо.
Энэ онд л гэхэд Өлгий суманд 114 га талбайг хашаажуулах бөгөөд 120 га талбайд 300 мянган ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Мөн 20 хүртэлх мянган тарьц, суулгац худалдана авч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эдийн засгийн мега төсөл гэж ойлгож болно. 2030 он хүртэл тэрбум мод тарихад жилд 100 сая үр суулгацыг бэлдэх хэрэгцээ үүсэж байгаа бөгөөд үүнийг дагаад ажлын байр, үйлдвэржилт нэмэгдэнэ гэж үзэж байна.
Мод тарихад усжуулалтын систем чухал. Хашаа, хайс хамгаалалтын системийн шинэ шийдлүүд бий болно. Орон нутгууд өөрсдийн онцлогт тохирсон шийдлүүдийг оновчтой төлөвлөх шаардлагатайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээллээ.
Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр 3 сая, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр таван сая мод тарих саналтай байгаа тухайгаа аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэлэв.
Малчдын хашиж хамгаалсан 1,400 га талбайг хадлангийн хамгаалалтын зурвас байгуулах замаар ойжуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Сагсай суманд Мод үржүүлгийн газарт ажиллав. Энд аж ахуйн нэгжүүд 20 га газарт мод, жимс, жимсгэнийн мод тарьсан байна. Ажлаа хэвийн явуулахад нэмэлт хөрөнгө шаардлагатай байгааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Бейбитхан хэллээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
