Зохиолч, сэтгүүлч Б.Галаарид парапсихологийн чиглэлээр олон нийтлэл бичиж, хэд хэдэн ном гаргасан судлаач хүн.Сэтгүүлч хүний хувьд нийгэмдээ болж буй үйл явдалд чамгүй шүүмжлэл өгөж чаддаг тэрээр өөрийн цахим хуудаснаа өөрийн бухимдлаа ийнхүү илэрхийлжээ.
Энэ улс орон чинь юу болчихоо вэ? Зарчим барьсныгаа урвагч дайсан гээд эгээтэй л 37 он шиг толгойг нь тасдахад бэлэн байх шив. Төрийн нэр барьсан зарим хүний үг, үйлдэл арай л биш ээ. Өндөр суудалтай нь бүхнийг хүслээрээ шийддэг хаант засаглал тогтоогүй байлтай. Уур минь хүрч байна. Би ерөөл билгийг дээдэлдэг, зөв бүхэнд чин зүрхнээсээ талархдаг, номонд шунаснаас эдэнд шунаагүй, Монгол түмний заяа өөдрөгт итгэж, өөрт ноогдсон хувь тавилангийн ачаагаа үүрээд бусдад гай болохгүй шиг гэлдэрч яваа дундач монгол хүн. Дорой муудаа номхон явсангүй, өвгөдийн ухааныг дээдэлсэндээ өвс мэт чимээгүй ургасаар, ус мэт голдрилоороо урссаар зуугийн талыг насаллаа. Гэхдээ тэсэрвэл тэсэрсэн шиг тэсэрч, тэрсвэл тэрссэн шиг тэрсдэг тэмцэгчийн халуун цус, догшин цөс дотор минь буй. Үүнийгээ ч нотолж явсан үг үйлдлүүд амьдралд минь цөөнгүй. Даамай ихээр дээрэлхэх гэвэл дахиад хэд ч тэсэрч чадна гэсэн омог бардам мэдэгдлээр шинэ өглөөг угтая. Зөв шудрагыг зүрх сэтгэлээсээ дэмжигч хүн бүхэнд шинэ өглөөний мэндийг дэвшүүлье. Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

