
Украины арми зүүн хэсгийн Вухледар хотоос ухарснаа Лхагва гаригт зарлажээ. Тодруулбал, зүүн Донецк мужийн Хортица дахь цэргийн хүчнийхэн телеграм хуудсандаа “Боловсон хүчин, байлдааны техник хэрэгслийг хадгалах, цаашдын арга хэмжээ авах байр сууриа эзлэхийн тулд цэргээ татах тушаалыг цэргийн дээд командлалаас өглөө. ОХУ ямар ч үнээр хамаагүй хотыг хяналтдаа авахын тулд бүх нөөцөөрөө дайрсан тул Украины хамгаалалтыг шавхав. Дайсны үйл ажиллагааны үр дүнд хот бүслэгдэх аюулд ороод байна” гэж бичжээ.
АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн Мягмар гаригт мэдээлэхдээ “Оросын цэргүүд хотыг эзэлсэн байх магадлалтай” гэжээ. Вухледарт тугаа мандуулж буй цэргүүдийн дүрс бичлэг цахим сүлжээнд тарсан тул ийн таамаглаж байна. Гэхдээ ОХУ Вухледарыг булаан авлаа гээд баруун Донецк муж дахь довтолгооны үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөхгүй. Яагаад гэвэл Вухледар нь логистикийн чухал зангилаа биш гэж Дайны судалгааны хүрээлэн мэдэгджээ.
Донецк мужийн Вухледар хот нь Покровск хотоос 30 хүрэхгүй км-ын зайд оршдог. ОХУ-ын арми Покровскыг хяналтдаа авбал Украины цэргүүдийн ашиглаж байсан төмөр замын чухал зангилаа болон хангамжийн станцыг эзлэн авч, хамгаалалтын шугамд аюул учруулж магадгүй юм.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
