10 жилийн өмнө нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээ 15 сая төгрөг байсан бол өнөөдөр энэ тоо 40 сая төгрөг хол давсан гэдгийг эдийн засагчид хэлж байна. Улсын төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ цаг үед анхаарах ёстой нэг чухал тоо бол гадаад өр. Монгол Улс жил бүр өрийн хүүндээ 2-3 их наяд төгрөг төлж, гадаад өр геометрийн прогрессоор өсч байна. Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2027 онд 57.65 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50 хувьд хүрэхээр тооцжээ. Харин Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны хоёрдугаар улиралд 40 тэрбум ам.доллар даваад байна. Үүний бараг тал хувийг Оюутолгой төслийн өр эзэлж байгааг өмнө нь Монголбанкнаас мэдээлж байсан.
Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын стратегиар Засгийн газрын өрийг ДНБ-ий тодорхой хувиас хэтрүүлэхгүй байх хууль ёсны “тааз”-тай.
Энэ талаар эдийн засагч Р.Даваадорж ярихдаа “Ирэх 2027 оны төсвийн төслийг харахад хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа зүйл нь гадаад өр. Хатуухан хэлэхэд, Монголын төр галзуурахад ганц хуруу дутуу байна. Сонгуулийн шоуг таны ирээдүйгээс зээлж хийдэг болох нь. Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2027 онд 57.65 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50 хувьд хүрэхээр тооцжээ. Энэ 50 хувь гэдэг зүгээр нэг тоо биш. 2027 онд Засгийн газрын өрийг ДНБ-ий 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон хязгаар юм. Өөрөөр хэлбэл, өрийн босгыг давсан төсөл өргөн барьсан гэсэн үг биш. Харин хуулиар зөвшөөрч байгаа өрийн хязгаартаа тулгаж төлөвлөсөн төсөл гэсэн үг. Үүн дээр 2027 оны төсвийн нийт зарлага 43.586 их наяд төгрөгт хүрнэ. Бүр сонирхолтой нь өмнөх төсвийн хүрээтэй харьцуулахад зарлагыг нэг дор 9.608 их наядаар нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ.
Өр талдаа ч мөн том тоонууд явж байна. Ирэх 2027 онд Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 3.88 их наяд төгрөг, аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах дээд хэмжээг 2.56 их наяд төгрөг хүртэл тогтоохоор төсөлд оруулжээ.
Мөн Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 6.4 их наяд байна. Нөгөө талд 2027 онд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөр гэхэд 5.99 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ. Энэ бүхнийг нийлүүлээд харахаар нэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Яагаад заавал сонгуулийн өмнөх жилд төсвөө ингэж огцом тэлж, Өрийн удирдлагын тухай хуулиар зөвшөөрсөн хязгаартаа тултал явах хэрэгтэй болов. Өр тавих өөрөө муу зүйл биш. Өрөөр үйлдвэр барьж, экспорт нэмэгдүүлж, валют олдог шинэ эх үүсвэр бий болгож байгаа бол болно. Тэр хөрөнгө маргааш өөрөө мөнгө олж, өнөөдрийн өрөө төлнө. Харин өр тавьж төсвийн зарлагаа тэлээд, халамж, урсгал зардал, өгөөж нь тодорхойгүй хөрөнгө оруулалтад тараачихаад төлбөрийг нь дараагийн жилүүдэд үлдээвэл тэрийг хөгжлийн бодлого гэж нэрлэхэд хэцүү.
Яагаад гэвэл өрийн хязгаар гэдэг муу цагт ашиглах хамгаалалтын орон зай.
Нүүрсний үнэ унавал яах вэ. Экспорт саарвал яах вэ. Төгрөг сулрах юм бол яах вэ. Эдийн засгийн өсөлт төсөөлсөн 5.8 хувьд хүрэхгүй бол яах вэ. Өрийнхөө хязгаарыг гадаад худалдаа сайн цагтаа тулгачихаад, муу цаг ирэхэд Монгол Улс хаашаа ухрах вэ. Сонгууль дуусна. Амлалт мартагдана. Сайд нар солигдоно. Засгийн газар ч солигдож болно. Өр л үлдэнэ. Тэр өрийг нам төлөхгүй. Сонгуулийн штаб төлөхгүй. Сайд нар хувиасаа төлөхгүй. Татвар төлөгчид төлнө. Өнөөдрийн улс төрийн оноог маргаашийн орлогоосоо зээлж авч байгаа юм биш биз. Сонгуулийн шоу ганцхан жил үргэлжилнэ. Харин өрийн төлбөр олон жил үргэлжилдэг” гэдгийг хэлсэн юм.
Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр “Гадаад зээлийн дээд хэмжээ 2.7 их наяд төгрөг болж нэмэгдэж байгаа” тухай Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга мэдээлж байв. Тэрбээр “2026 оны батлагдсан төсөв дээр дотоод бонд гаргах зорилгоор 562 тэрбум төгрөг гэж төсөвлөснийг төсвийн тодотголоор нийт зээллэгийн хэмжээг 2.7 их наяд төгрөг болгож байгаа. Үүндээ 562 тэрбум төгрөг дээр нэмээд нэг их наядын дотоод бонд гаргахаар төсөвлөсөн.
Тодотголын төслийг дагаад Азийн хөгжлийн банкнаас авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр орж ирж байгаа.
Ирэх долоо хоногт энэ байнгын хороогоор хэлэлцэнэ гэж ойлгосон. Нийт 200 сая ам.долларын төсвийн дэмжлэг байгаа. Дээрээс нь нэмээд Азийн хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа 250 хүртэлх сая ам.долларын зээлийн шугам нээх эрхийг санал болгож байгаа. Монгол Улс энэ эрхийг авна. Энэ нь өр нэмэгдэж байгаа гэсэн үг биш. Эрчим хүчний дутагдалд орсон тохиолдол цаг алдалгүйгээр Монгол Улс 125 сая ам.долларыг 2026 онд татах боломж нээгдэнэ. Үлдсэн 126 сая ам.долларыг ирэх онд татах боломж нээгдэх юм” гэдэг тайлбар мэдээллийг өгсөн байдаг.
Энэ асуудалд Сангийн сайд З.Мэндсайхан хариулт өгөхдөө “Төсвийн тодотгол дагаж ямар нэгэн гадаад зээл авах асуудал байхгүй. Бид төсвийн хүрээний мэдэгдэл дээр Өрийн удирдлагын хуулиараа ДНБ-ий 60 хүртэлх хувь хүртэл гадаад зээл авч болно гэж заадаг.
Төсвийн хүрээн дээрээ 50 хүртэлх хувь гээд хязгаар тавьж өгсөн.
Геополитикийн хүндрэлтэй үед Азийн хөгжлийн банкнаас донор орнуудынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор төсвийн дэмжлэг болгож өгөх 200 сая ам.долларын зээлийг авах, дээр нь гамшиг болон эдийн засгийн тогтворгүй үед хэрэглэх хэрэглээний зээлийн шугам нээхээр нийтдээ 450 сая ам.долларын асуудал байгаа юм. Тэр 250 сая ам.долларыг аваад ашиглана гэсэн үг биш. Эрсдэл үүсвэл төсвийн тодотгол хүлээхгүй шууд дайчлах нөөц болох юм” хэмээн тайлбарласан юм.
