Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжиж, баталснаар энэ өдөр дэлхийн олон улсын анхаарлын төвд орж байна. Тогтоолын дагуу, 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Монгол улс дэлхийн адууны өдөрт зориулсан түүхэн арга хэмжээг анх удаагаа зохион байгуулах юм.
Энэхүү арга хэмжээгээр Монголын морин спорт, соёлын өв уламжлалыг олон улсад сурталчилж, дэлхийн эдийн засаг, аялал жуулчлалын салбарт шинэ боломжууд нээгдэх хүлээлттэй байна. Тус арга хэмжээнд дэлхийн 10 орчим орны морьтнууд оролцох бөгөөд нийт 10 мянга гаруй морьтон нэгэн дор хуран цугларч, сүрлэг парадыг үзүүлэхээр төлөвлөжээ.
Олон орны оролцогчид Монголын морин спортын өв уламжлалыг сонирхон суралцаж, туршлага солилцох энэ үйл ажиллагаа нь дэлхийн морин урлаг, соёлыг нэгтгэх томоохон зорилготой. Тус арга хэмжээ нь Монголын байгаль, соёл, түүхэн үнэт зүйлсийг дэлхийд сурталчилж, аялал жуулчлалын шинэ чиглэлүүдийг хөгжүүлэхэд нөхцөл боломжоор хангах зорилготой юм.
Мөн эдийн засгийн хувьд энэ арга хэмжээ нь олон улсын жуулчдыг татаж, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг экспертүүд онцолж байна.
