Оросын агаарын цохилтын улмаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн Украйн даяар яаралтайгаар цахилгаан хязгаарласан байна. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард Оросын довтолгоо эхэлснээс хойших дөрөв дэх удаагийн цахилгаан хязгаарлалт болж байна. Украйны Эрчим хүчний яамны мэдээлснээр, фронтын бүс болох Донецк, Чернигив мужуудаас бусад бүх бүс нутагт цахилгаан тасарсан. Их хэмжээний хохирол учирсан бөгөөд цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил үргэлжилж байна.
Орос зөвхөн эрчим хүчний байгууламж биш, төмөр замуудыг ч онилж байгаа аж. Украйн хариуд нь Орос болон Крымийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү халдсаар байна.
Крым дэх томоохон нефтийн агуулах гурван өдөр шатаж байгаа юм. Учир нь Украйн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр удаа дроны цохилт өгсөн бөгөөд Оросын 16 шатахууны танкийг устгасан гэж мэдэгдсэн. Энэ мэт халдлагын улмаас Оросын зарим бүс нутагт шатахууны хомсдол, үнийн өсөлт бий болжээ. Украйн энэ байдлаар Оросын дайны хүчин чадлыг сулруулж, хэлэлцээрийн ширээний ард суухад хүргэнэ гэж найдаж байна. Үүнээс гадна, Оросын түлшний экспорт дайн эхэлснээс хойш хамгийн доод түвшинд хүрсэн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлж байна.
Украйны эрчим хүч сүлжээний Укренерго компани цахилгаан тасраагүй бүс нутгийн иргэдэд эрчим хүчний хэрэглээгээ хэмнэхийг уриалжээ.
Харин Львов хотод урьдчилан мэдэгдэлгүйгээр яаралтайгаар цахилгаан хязгаарласан байна. Гэвч шөнөдөө гурван хэм хүртэл хүйтэрч магадгүй байгаа тул хотын оршин суугчид санаа зовнилтой байгаа гэдгийг албаныхан мэдэгджээ. Оросын Батлан хамгаалах яам Украйны эрчим хүчний дэд төвүүдэд өгсөн цохилтоо цэргийн зорилгоор гэж тайлбарлаж байгаа ч хэдэн сая Украйн хүн ямар ч цахилгаан эрчим хүчгүй бараг долоо хонох гэж байгаа аж. Зөвхөн аравдугаар сарын 9,10-нд болсон довтолгооны үеэр л гэхэд Украйны есөн бүс нутагт цахилгаан тасарсан байна. Тус улсын ерөнхийлөгч Зеленский Оросын цохилтыг иргэдийн сэтгэл зүйд дарамт үзүүлэх, үймээн самуун үүсгэх зорилготой гэж буруутгав. Улмаар барууны холбоотнуудаасаа алсын зайн зэвсэг хүсэж байгаа бөгөөд эдгээрийг зөвхөн цэргийн бай руу ашиглана гэж амласан байна.
Гэвч барууны орнууд ийм зэвсэг нийлүүлэхээс болгоомжилсон хэвээр байна. Учир нь энэ нь дайн улам хурцдах эрсдэлтэй. Гэхдээ Орос улс “улаан шугам”-ыг хэд хэдэн удаа зөрчсөн ч баруунаас тодорхой хариу арга хэмжээ аваагүй байна. Зөвхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд “Tomahawk” пуужин олгох талаар бодож буйгаа илэрхийлсэн бөгөөд хоёр орны удирдагч нар Баасан гаригт (2025.10.17) уулзахаар төлөвлөжээ. Өмнө нь НАТО-гийн чуулганы үеэр АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Пит Хегсет Оросын түрэмгийлэл үргэлжилбэл хатуу арга хэмжээ авна гэж анхааруулсан байдаг. Эл үеэр АНУ-ын зэвсэг худалдаж аваад Украйнд нийлүүлдэг “PURL” хөтөлбөрт НАТО-гийн орнуудыг нэгдэхийг тэрбээр мөн уриалсан аж. Үүний үр дүнд Герман 500 сая ам.доллар, Нидерланд болон Скандинавын орнууд нэг тэрбум ам.доллараар тус тус нэгдэх болсноо зарласан байна. Энэ нь Украйны цэргийн тусламжийг эрс нэмэгдүүлнэ гэж ажиглагчид найдаж байна. Учир нь Германы Киль институтийн судалгаагаар энэ оны хоёрдугаар хагаст Украйны цэргийн тусламж 43 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
