
Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ “зохисгүй” байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов.ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус байгууллагыг уламжлалт бус бэлгийн харилцааг сурталчилдаг, барууны гэр бүлийн загвар, хүйс солих зэрэг зүйлд голчлон анхаардаг гэж буруутгажээ. Оросын эрх баригчид эр, эмийн бус бэлгийн харилцааг “уламжлалт бус” гэж үздэг. Тийм ч учраас 2023 онд “LGBT” хөдөлгөөнийг хориглосон билээ. Мөн Ерөнхий прокурорын газар мэдэгдэлдээ, “Тус сан нь оюун санаа болон ёс суртахууны хувьд үнэт зүйлсийг хамгаалдаг улс орнуудад сөргөөр нөлөөлдөг. Цаашилбал, энэ сан нь 2022 оноос хойш Оросыг муулах кампанит ажилд оролцсон” гэжээ.
Гэвч Элтон Жоны сангийн гол зорилго нь ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тэмцэх явдал юм. 1992 онд үүсгэн байгуулагдсан тус сан нь олон улс оронд ХДХВ-ийн халдварыг эмчлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Мөн Орост олон жил хавчлагад өртсөн “LGBTQ+” нийгэмлэгийн төлөө тэмцдэг.
Аливаа байгууллагыг “зохисгүй” гэж шошголосноор ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог. Мөн ажилчид болон салбар байгууллагуудыг нь эрүүгийн хариуцлагад татдаг. ОХУ 2015 оноос хойш энэ хуулийг хэрэгжүүлж, хараат бус хэвлэл мэдээлэл, сөрөг хүчнийхэн болон гадаадын байгууллагуудыг “зохисгүй” гэж шошголох болсон.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES
