
Прокурорын байгууллагаас олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Н.Түвшинбаярт холбогдох хэрэг өнөөдөр /2022.06.09/ 09.30 цагаас эхэлнэ. Өчигдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хуралдаан оройн 20.15 цаг хүртэл үргэлжилсэн. Хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна” гэв.
Өчигдөр оройны байдлаар нийт 8 гэрчээс тайлбар авч дууссан ба нотлох баримт шинжлэн, судлах шатанд завсарлага авсан юм.
Хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байна.
Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
