
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Харьков мужид айлчиллаа. Айлчлалын гэрэл зургуудыг Зеленскийн албан ёсны телеграм суваг нийтэлжээ. Энэ нь Украины эсрэг Оросын бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш түүний Киев мужаас гадуур хийсэн анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч тус хотод болсон сүйрлийн байдалтай танилцаж, бүс нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, тэргүүлэх шугам дээр очиж, байлдааны ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад шагнал гардуулж бэлэг өгсөн байна.
Зеленський мужийн захиргаатай хийсэн уулзалтын үеэр тухайн нутаг дэвсгэрийн 31 хувийг нь түр хугацаагаар эзлээд байгаа бол Оросын түрэмгийлэгчдээс 5 хувийг нь чөлөөлсөн гэж Ерөнхийлөгчийн сайтад бичжээ.
“Зарим нутаг дэвсгэрт одоо хүртэл буудалцаантай байгаа учраас бид тэдгээр газруудыг бүрэн шалгаж, тэсрэх бөмбөгийг цэвэрлэх ажлыг хийж, дэд бүтцийн үйл ажиллагааг сэргээх боломжгүй байна” гэж мужийн захиргааны дарга Синегубов хэлсэн байна.
Долоо хоногийн өмнө Оросын цэргийн хүчин өдгөө хамгийн ширүүн тулаан өрнөж буй Луганск мужид Украины Зэвсэгт хүчний хамгаалалтын шугамыг хэсэгчлэн сэтэлжээ. Оросууд Лисичанск, Северодонецкийг бүслэхийг оролдож байна.
Мөн үүнтэй зэрэгцэн Донецк мужийн Лиман хотын төлөөх тулалдаан өрнөж, тухайн нутаг дэвсгэрийг эзэлсэн тухай баасан гарагт Орос мэдээлэв. Харин Украины эрх баригчид тухайн хот бууж өгсөн гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Эх сурвалж: ВВС
