
Хүйтэн дайны дараах барууны гадаад бодлогод чухал хувь нэмэр оруулсан, АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт хорт хавдрын улмаас 84 насандаа таалал төгслөө.
Мадлен Олбрайт АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны засаг захиргаанд нөлөө бүхий албан тушаалтан байсан бөгөөд тэрбээр Билл Клинтоны хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга болсон аж. Мадлен Олбрайт NATO-ийг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Балканы хойг дахь хүчирхийллийг зогсооход хөндлөнгөөс оролцох талд идэвхтэй ажиллаж байсан билээ.
Тэрбээр 1998 он 2011 онд Монгол Улсад айлчилж байсан. Тэр үеийн намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нартай уулзаж ярилцаж, Монголын ардчилал амжилттай яваад баяртай байгаагаа илэрхийлэсний дараа нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж байсан билээ.
