
Цар тахлын дараа БНХАУ хилээ нээснээр эрэлт нь сэргэсэн ч АНУ-д борлуулалт нь удааширсныг мэдээлснээр “Burberry”-ийн хувьцааны ханш долоон хувиар уналаа. Тодруулбал: Их Британийн тансаг зэрэглэлийн брэнд боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийх нь эрэлт АНУ-ын нас залуу худалдан авагчдын дунд буурсныг мэдээлсэн байна. Үүний дараа хувьцааны ханшийн уналт нь 2022 оны гуравдугаар сараас хойших доод түвшинд дөхөж иржээ.
Тус компани АНУ-д борлуулалт буурсныг иргэд гадаадад аялах нь нэмэгдсэнээр дотоод дахь худалдан авалт буурсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын нэгнээр эцэслэгдсэн санхүүгийн улиралд “Burberry”-ийн дэлгүүрүүдийн БНХАУ дахь борлуулалт 16 хувиар өсөж, шинжээчдийн таамгийг давсан байна. Гэсэн хэдий ч АНУ дахь дэлгүүрүүдийнх нь борлуулалт долоон хувиар буурсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа аж.
Тайлант хугацаанд тус брэндийн Европ, Ойрх Дорнод, Африк дахь борлуулалт 27 хувиар өссөн бол Ази-Номхон Далайн бүсэд 19 хувиар өсжээ.
2022 оны санхүүгийн жилд “Burberry”-ийн борлуулалт 10 хувиар өсөж, 3.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Харин татварын өмнөх ашиг нь 24 хувиар өсөж, 785.9 сая ам.доллар болжээ.
