Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээлээ. Түүхч Д.Өлзийбаатарыг Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонгодог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг үнэлжээ.
Соёл судлаач Ц.Санчирыг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас таван төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж уг шагналыг хүртээв.

