Израилийн агаарын цохилтоор Ливанд 492 хүн нас барав

Израилийн арми Даваа гаригт Ливан дахь Хезболлагийн байгууламжуудад агаарын цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас дор хаяж 492 хүн нас барж, 1645 хүн шархадсаныг Ливаны эрх баригчид мэдэгдэв. Нас барагсдын 35 нь хүүхэд байжээ. Мөн олон мянган хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлээд байна. Энэ удаагийн халдлага нь сүүлийн 10-аад жилд Ливанд үзэгдээгүй аймшигт халдлага боллоо. Тодруулбал, 1975-1990 оны хооронд үргэлжилсэн иргэний дайнаас хойш ийм олон хүн нэг өдөр нас барсан тохиолдол гараагүй.

Ливаны өмнөд, зүүн, хойд хэсэг дэх Хезболлагийн 1600 орчим байгууламжийг Израилийн агаарын хүчин онилжээ.

Газын зурвас дахь дайн өнгөрсөн оны аравдугаар сард эхэлснээс хойш Ливан, Израиль улсууд хил дамнан хэд хэдэн удаа гал нээсэн. Израилийн тал Ливанд хандаж иргэдээ нүүлгэн шилжүүлэхийг сануулжээ. Ливанчууд янз бүрийн тээврийн хэрэгслээр дүрвэж байгаа тул хойд нутгийн авто замууд түгжирсэн байна. Зарим хүн явган дүрвэж байна.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ливанчуудад хандан богино бичлэг хэлбэрээр үг хэлжээ. “Израиль та бүхэнтэй биш Хезболлатай дайтаж байгаа. Хезболла та нарын эртнээс нааш хүн бамбай болгон ашигласаар ирлээ” гэж тэр хэлжээ.

Ливан дахь сургууль гэх мэт нийт 89 байгууламжийг түр хоргодох байр болгон бэлдсэнийг эрх баригчид мэдэгдлээ. Тухайн хоргодох байруудад 26 мянга гаруй хүн багтах аж.

Мөргөлдөөний цар хүрээ ийнхүү тэлж буй нь Израилийн ойрын холбоотон АНУ, Иран ч бас дайнд татагдан орох вий гэсэн болгоомжлолыг үүсгэж байна. Саудын Араб улс Даваа гаригт мөргөлдөөнд санаа зовж буйгаа илэрхийлээд, талуудыг тэвчээртэй байхыг уриалжээ. Харин Израилийн албаныхан мэдэгдэхдээ “Ливан дахь Хезболлагийн байгууламжуудад цохилт өгч байгаа нь Ирантай эвссэн тус бүлэглэлээс дипломат яриа хэлэлцээг шаардах зорилготой” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

access_time 2024-09-24 14:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt