УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан /2022.08.23/ эхэллээ. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болон, Эрчим хүчний сайдаас гишүүд асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Тавантолгойн ДЦС, Багануурын ДЦС-ын явц, санхүүжилтийн талаар тодрууллаа.
Хариуд нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Тавантолгойн дулааны цахилгаан станцын санхүүжилтийг Засгийн газрын тогтоол гарсан. Төр өөрөө барина. Санхүүжилтийн хувьд уг станцын 30 хувийг Эрдэнэс-Тавантолгойд эзэмшүүлэх замаар Эрдэнэставантолгой санхүүжүүлэхээр, үлдсэн 70 хувийг барилга угсралтын гэрээ байгуулагдсан үед Засгийн газрын баталгаа гаргахаар тохирсон. Барилга угсралтын гэрээ байгуулагдаагүй учраас дараагийн шат руу орохгүй хүлээгдэж байгаа. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдчихвал уг станцын хөрөнгө оруулалтын дүн тодорхой болно. Тиймээс Засгийн газарт ийм хэмжээний мөнгөн дүнтэй Засгийн газрын баталгаа гаргах хүсэлтэй байгаа гэдгээ оруулж ирнэ.
Багануурын ДЦС-ын хувьд туйлын бүтэлгүй байгаа. Энэ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхэлсэн явж байхад нь Монголын талаас тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. 2020 онд бүх гэрээг ахиж хийгээд концесс эзэмшигчид өгсөн. Концесс эзэмшигч санхүүжилтээ босгохоор явсан” гэлээ.

