
Финландын хамгийн залуу Ерөнхий сайд Санна Марины шоудаж буй бичлэг задарч, тус улсад олон нийтийн дургүйцлийг хүргэжээ. Нийгмийн сүлжээнд тархсан уг бичлэгт тэрээр найзуудын хамт, Финландын олны танил хүмүүстэй дуулж бүжиглэж байжээ.
36 настай Мариныг сөрөг хүчнийхэн нь шүүмжилж, зарим улс төрч түүнийг мансууруулах бодисны шинжилгээ өгөхийг шаардсан байна. Харин Ерөнхий сайд мансууруулах бодис хэрэглээгүй, тэрээр үдэшлэг дээр зөвхөн согтууруулах ундаа уусан гэж мэдэгджээ.
Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд өмнө нь ч үдэшлэгт очдогоо нуугаагүй бөгөөд хөгжмийн фестивалиуд үздэг байна.
Уг бичлэг задарсны дараа тэрээр бичлэг хийж байгааг мэдэж байсан гэжээ. Тэрээр “Би дуулж бүжиглэж, үдэшлэг дээр наргиж зугаацсан. Ямар ч хууль зөрчөөгүй” гээд хэзээ ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэв.
Сөрөг хүчний улс төрчид түүнийг мансууруулах бодисны шинжилгээ өгөхийг шаардахад тэрээр “Би гэр бүлийн амьдралтай хүн. Би ажилтай ч хүн, найз нөхөдтэйгөө өнгөрүүлж болох чөлөөт цагтай ч хүн. Яг л миний насныхантай адил” гэжээ.
Санна Марин 2019 оны арванхоёрдугаар сараас хойш Финландын Ерөнхий сайдаар, 2020 оны наймдугаар сараас тус улсын Социал Демократ намын даргаар ажиллаж байна.
Эх сурвалж: ВВС
