
ХҮҮХЭД, ЗАЛУУСТ БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛАХ СУУРЬ БОЛОВСРОЛ ОЛГОХ, ХОТ ОРЧМЫН НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛД “ОЮУ ТОЛГОЙ” ХХК БОАЖЯ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал хатагтай Дейрдрэ Лингенфелдер болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
- Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа, ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа болон Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал хариуцсан Ерөнхий менежер ноён Филип Абрахам, гадаад харилцааны Ерөнхий зөвлөх Б.Өсөхбаяр нар байлцав.
- Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уул уурхайн компаниуд байгаль, экологи, уур амьсгалын өөрчлөлтөд хурдтай өртөж байгаа энэ цаг үед илүү хариуцлагатай байхыг сануулаад, энэ хүрээнд “Оюу толгой” ХХК ус ашиглалт, ялангуяа гүний усны нөөцийг хамгаалах чиглэлээр үйлдвэрлэлийн шат дамжлагадаа жишиг тогтоож байгаатай өөрийн биеэр танилцсан.
- Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан Сэлэнгэ аймгийн Ялбагийн голын хөндийд биологийн нөхөн сэргээлт хийх болсонд талархалтай байгааг илэрхийлсэн юм. Бид түншлэлийг илүү ойртуулж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай байх чиглэлд түншлэлээ түлхүү ашиглаасай гэж хүсэж байна гэсэн юм.
- “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал хатагтай Дейрдрэ Лингенфелдер хэлэхдээ, компанийн зүгээс БОАЖЯ-ыг чухал түнш гэж хардаг. Ийм ч учраас байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагаа томоохон үр дүнд хүрэх боломжтой. Мөн өөрийн зүгээс уул, уурхайн салбарт ажилласан, тогтвортой хөгжлийн чиглэлээр хуримтлуулсан туршлагад үндэслэн “Оюу Толгой” компанийг Дэлхийн томоохон уул уурхайн компаниудын эхний тавдугаар байранд аваачих зорилготойг дурдсан юм.
- Энэ үеэр байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Оюу Толгой” ХХК-д хандан хамтран ажиллах, бодлогоор дэмжих боломжтой дараах саналыг тавив.
- Үүнд:
- Хариуцлагатай уур уурхай буюу хот орчмын ногоон байгууламж, амралт чөлөөт цагийн талбай байгуулах:
Бид хотожсон иргэдэд хандлагын нөлөөлөл үзүүлэх шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар БОАЖЯ-аас Богд Хаан уул орчимд дөрвөн амралт чөлөөт цагийн талбай байгуулахыг үүрэг болгож, ажил хэрэг болгон ажиллаж байна. Танай хамт олон энэ чиглэлд манлайлах боломж бий. Бид судалгаа, байршлаар хангаж, та бүхэн хотын иргэд, залуу хосууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон, басхүү байгальд ойр өнгөрүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад нөлөөлөхүйц орон зайг бүрдүүлж болох юм.
- Шинэ залуу үе, хүүхэд залууст уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй иргэн бэлтгэх, суурь боловсрол олгоход хамтрах:
Бид тавдугаар сарын 30-наас 31-ний өдрүүдэд Эрдэнэт хотод “Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулганыг амжилттай зохион байгуулсан. Ирээдүйн байгальд ээлтэй иргэдийг бэлтгэхийн тулд одооноос хүүхдүүд рүү чиглэсэн Олон Улсын арга хэмжээ зохион байгуулах шаардлага тулгарч байна. Иймээс Өмнөговь аймагт ирэх 8 дугаар сард хийхээр төлөвлөж буй өсвөрийн анхны олон улсын чуулга уулзалтыг “Оюу Толгой” ХХК-тай хамтран зохион байгуулахыг санал болгов.
Уулзалтын төгсгөлд “Оюу Толгой” ХХК-ийн төлөөллүүд маш чухал цаг үеэ мэдэрсэн уулзалт, яриа байлаа. Компанийн зүгээс дараагийн 10 жилийн стратеги төлөвлөлтийг боловсруулахаар ажиллаж байна. Тус төлөвлөлтөд шинэ үеийг бэлтгэх, ногоон бүс, уул уурхайн хариуцлага, жишгийг шинэ түвшинд хүргэх орон зай болно гэж харж байна. Бүх талаар хамтран ажиллах боломжтой гэсэн юм.

