Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 10.00 цагаас ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад энхийг дэмжих ажиллагааны ач холбогдол” сэдвийн дор уг эрдэм шинжилгээний хурлыг хийхээр бэлтгэл ажлыг хангажээ. Уг хурлаар “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд энхийг дэмжих ажиллагааны үзүүлсэн нөлөөлөл, ач холбогдол”, “Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах шаардлага, улс төрийн шийдвэр”, “Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэл ажил, сорил, бэрхшээл”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа: Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо”, “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд энхийг дэмжих ажиллагааны оруулж буй хувь нэмэр”, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд энхийг дэмжих ажиллагааны үүрэг, ач холбогдол”, “Монгол Улсын гадаад бодлогод энхийг дэмжих ажиллагааны үүрэг, ач холбогдол” зэрэг үндсэн болон хавсралт илтгэлийг хэлэлцэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
