Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдааныг нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын хүрээнд зохион байгууллаа. Энэ үеэр мэргэжлийн хяналтын байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнийг таслан зогсоох, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийсэн талаар тайлангаа танилцууллаа.
Хурлын үеэр “Мөнгөн гүүр” эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн ноцтой мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид мэдээллээ.
Эхлээд уг мэдээллийг нууц байдлаар ярилцаад дараа нь сэтгүүлчдэд танилцуулсан юм. БНСУ-ын иргэн Монголын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гоо сайхны зориулалттай хоёр эмийг зөвшөөрөлгүй хэрэглэж байсан зөрчлийг илрүүлж, 120 ширхэгтэй 6670 ам.долларын үнэтэй эмийг хураан авсан байна.
