
Порно жүжигчин, тайчигч асан Стефани Клиффорд 10 гаруй жилийн өмнө одоогийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай бэлгийн харьцаанд орж байсан тухайгаа мэдэгдэн шуугиан тарьж байсан билээ. Түүний мэдэгдэл үнэн эсэхийг шалгахаар худал хуурмагийг илрүүлэгч төхөөрөмжөөр шалгасан тухай NBC телесуваг мэдээлсэн байна.

Уг телесувгийн сэтгүүлчид тест шалгалтын үр дүнг олж авсан бөгөөд түүнийг 2011 онд In Touch сэтгүүлийн хүсэлтээр явуулж байсан аж. Тухайн үед уг сэтгүүлийн ажилтнуудад Клиффорд ярилцлага өгч байжээ.
Харин сорил тестийн үр дүн энэ оны нэгдүгээр сард л нийтлэгдсэн бөгөөд шалгалтын явцад Стефани Клиффорд худал яриагүй нь 99%-ийн магадлалтай тогтоогдсон, өөрөөр хэлбэл, порно жүжигчин бүсгүй Дональд Трамптай бэлгийн харьцаанд орж байсан нь үнэн гэж батлагдсан гэнэ.

NBC телевиз уг сорил тестийг хийсэн хүнээс албан ёсны баталгааг нь хүртэл олж чадсан байна. Трампын хуулийн зөвлөх Майкл Коэн 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдахаас нэг сарын өмнө Клиффорд бүсгүйд 130 мянган доллар төлсөн тухай материалыг The Wall Street Journal өмнө нь нийтэлж байсан билээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
