
“Mongolian Next Top Model” тэмцээний ялагч Б.Цэрэндолгор буюу Цэкү одоогоос ердөө тавхан сарын өмнө манай сайтад ярилцлага өгөхдөө “Хувь хүн өөрийн эрхгүй хамаг байдаг сайхан зан аашаа хэн нэгэнд гаргаж байгаа тэр зүйлийг л хайр гэдэг байх. Одоогийн байдлаар би яг түүнтэйгээ учирсан байна. Анхны хайрын тухай хүмүүс арван жилд ангийнхаа эсвэл сургуулийнхаа нэг залууд дурласнаа ярьдаг. Би ч бас тэрийг л хэлдэг байх гэж боддог байсан. Гэтэл үгүй ээ. Анхны хайр дурлал гэдэг бол яг л кинон дээр гардаг шиг тийм гоё зүйл. Би хайрынхаа төлөө юу ч хийж чадна” хэмээж байсан билээ.

Өөрийгөө тийм ч царайлаг биш гэхдээ тун өвөрмөц гэж боддог тэрээр үг яриа, үйл хөдлөлдөө нэлээн няхуур ханддаг гэдэг. Харамсалтай нь залуу хосуудын амьдралд тохиолддог байдаг л нэг үл ойлголцлоосоо болж тэрхүү бүхнийг хийж өгч чадах хайраасаа хагацсан тухайгаа TV5 телевизийн “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ дурджээ. Мөн тэрээр “эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зүгээр л хайрлах ёсгүй, бүр шүтэж хайрлаж ёстой” хэмээсэн нь зарим залуусын эгдүүцлийг хүргэсэн гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ тэр тийм ч удаан ганцаараа явсангүй. Өөрийгөө шүтэж хайрласан залуугаа олсон бололтой. Учир нь тэрээр тун саяхан “Байтаг богд” уран сайхны киног үзэхээр IMAX кино театрт нэгэн залуутай жаргалтай нь аргагүй инээлдэж, гар гараасаа хөтлөлцөн алхаж явав. Түүний шинэхэн найз залуу гудамжны бүжгийн төлөөлөл болсон Aim4R продакшны бүжигчин Б.Билгүүн буюу Kai бөгөөд тэрээр сүүлд “Бүхнээс дээгүүр” МУСК-нд бартэндэрийн дүрийг бүтээсэн билээ. Магадгүй тун удахгүй Kai, Цэкү нар монголын хамгийн сайхан хосуудын тэргүүн эгнээнд бичигдэх биз ээ.

