
-Өвлийн спортыг төр засгийн зүгээс хэрхэн дэмждэг вэ? Ялангуяа цанын спортод…?
-Цанын спортын хувьд хэлэхэд шигшээ багийн дөрвөн тамирчныг бүх л талаар дэмждэг. Олимпийн эрх олгодог олон улсын тэмцээний зардал, цалин хөлс, хангамж хангалттай байдаг. Зарим тэмцээнд зардал хүрэхгүй тохиолдол бий. Энэ тохиолдолд Монголын цанын холбооноос зардал нэмж гаргадаг.
Төрийн бодлогын залгамж чанар, төрийн байгууллагуудын уялдаа холбоо ердөө байдаггүй.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 2014 оны гуравдугаар сарын 4-нд 27 тоот зарлигаар өвлий спортыг дэмжихээр болсон. Гэтэл хэрэгжсэн зүйл юу ч үгүй л байна. Би 2014 оны намар Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг авсан. Ерөнхийлөгчийн зарлиг байгаа ч гэсэн түүнийг дагалдан ямар нэгэн журам байдаггүй гэсэн олон шаардлага л тавьдаг.
Бид цанын спортын хүмүүс төрийн байгууллагууд ямар журмаар яаж ажилладгыг тэр бүр мэдэх боломжгүй шүү дээ.
-Монголын цанын холбоо 2014 оноос “Хандгайт”-д газар хөөцөлдсөн. Газрын асуудлыг шийдсэн үү?
-2014 оноос хойш Хандгайтын газрыг хөөцөлдсөн. Газар хөөцөлдөх маш хэцүү ажил юм билээ. Манай холбоо 2.5 км эзэмшил газартаа олон улсын стандартын гүйлтийн цанын зам, снөүбордын талбай бариад, үйл ажиллагаагаа эхлүүлэх бүрэн боломжтой. Гаднын шинжээчид энэ газрыг олон улсын стандартад нийцсэн цогцолбор болох боломжтой гэж дүгнэсэн. Их зүйл бүтээе гэсэн тэмүүлэлтэйгээр 2014 оны намар газраа тэгшлэх гээд талбайгаа янзалж байтал Хандгайтын харуул гэж хүн цагдаа дуудаад манай холбооныхон бүтэн шөнөжин цагдаагийн газар саатуулагдаж байлаа. Нийслэлийн өмчид халдсан гэх үндэслэлээр. Уг нь бид Хандгайтын шатсан ойн хэсэгт нь зургаан метрийн өргөнтэй замыг тэгшлэх гэж байсан юм. Гэтэл яг тэр газарт Нийслэлийн ногоон хөгжлийн газар 11 сая төгрөгийн суулгац суулгасан байж. Яг үнэндээ газраа хөөцөлдөөд явж байхад ийм зүйлсийг нэг ч хэлж ярьж, сануулж байгаагүй. Өчнөөн бичиг цаас, зөвшөөрөл хөөцөлдөж байхад одоо ийм зүйл хий гэж төрийн байгууллагуудаас нэг ч зөвлөгөө өгдөггүй. Одоо болтол эзэмшил газартаа бүтээн байгуулалт хийгээгүй хоосон хэвээрээ л байна. Гэтэл саяхан газар эзэмших боломжгүй ерөнхий төлөвлөгөөнд оруулах ёстой гэсэн шаардлага ирсэн.
-Цанын спортынхон хаана бэлтгэл, сургуулилтаа базааж байна?
Монголын цанын холбоо сүүлийн найман жил “айл, айл хэсээд л” явж байгаа. Манай холбоо 2010 он хүртэл Хандгайтад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн барьсан цанын баазад бэлтгэл, сургуулилтаа хангадаг байлаа. Гэтэл 2010 онд энэ бааз шатсан. Удалгүй “Sky Resort” цанын бааз бидэнтэй хамтран ажиллаж, бэлтгэл сургуулилтаа хангах боломж олгосон ч гүйлтийн цанын бэлтгэл хийхэд тохиромжгүй газар л даа. Сүүлдээ биднээс үнэ хөлс нэхээд, бэлтгэл хийлгэхгүй байсан тул хамтран ажиллахаа зогсоосон.
Цанын спортод нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ямар зүйл байна?
-Гүйлтийн цанын төрлөөр залуучууд болон насанд хүрэгчид нийлсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цанын багыг гурван дасгалжуулагч багштай байгуулах шаардлагатай байна. Жүдо бөх болохоор 50-60 тамирчинтай, олон багштай болоод байхад цанын спортыг яагаад дэмжиж болохгүй гэж.
“Дөрөвхөн хүнтэй шигшээ баг гэж байхгүй. Энэ спорт мэргэжлийн, шинжлэх ухаанч байж л хөгжинө. Ийм хэмжээнд анхаарч байж биднээс амжилт нэхэх хэрэгтэй. Шигшээ баг олон хүний бүрэлдэхүүнтэй байж энэ спорт цаашид хөгжинө.”
Хандгайтын газрын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Яг ямар тооцоолол хэрэгтэй, өөр ямар баримт бичиг бүрдүүлэх ёстойг хэлэхгүй нэг, нэгээр нь явуулаад байхаар ажил ердөө бүтэхгүй байна. Төрийн байгууллагын ажил явуулдаггүй хурдаар бид үнэндээ ажиллаж чадахгүй. Бид энэ газрыг хувьдаа завших гээгүй, Цанын спортыг л хөгжүүлэх гээд байгаа юм.
Хэрвээ газрын асуудлыг шийдчихвэл зураг төслөө гаргаад, гаднын хөрөнгө оруулалтаар стандартад нийцсэн зам, талбай барих бүрэн боломж байна.
Уг нь Улаанбаатар хотын өмнөх захирагч Э.Бат-Үүл 2033 онд Дэлхийн өвлийн спортын залуучуудын универсад наадмыг зохион байгуулна гэсэн санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Энэ ердөө хэрэгжихгүй юм уу.
-Монголын цанын холбоо санхүүжилтээ хаанаас олдог вэ? Олон улсын цанын холбооноос санхүүжилт байдаг уу?
Олон улсын цанын холбооны бүрэн эрхт гишүүн учраас жилд 300 сая төгрөгийн санхүүжилт авдаг
Бид үүгээрээ Монголд зохиогдож буй цанын спортын бүх тэмцээнийг санхүүжүүлээд, шагнал урамшуулалд зарцуулдаг. Шигшээ багийн тамирчдын хувцас хэрэглэлд ч тодорхой хэмжээг нь зарцуулдаг юм.
