
Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин “Rain” ирэх Ням гаригт Монгол Улсад тоглолтоо хийнэ. Тэрбээр 2013 оноос эхлэн жүжигчин Ким Тэхитэй болзсон бөгөөд хосууд 2017 онд гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй. Ким Тэ-хитэй болзож байх хугацаандаа цэргийн алба хаасан тул цэргийн дүрэм зөрчсөн эсэхтэй нь холбоотой маргаан тухайн үед үүсч байв.
Эхнэртэйгээ анх танилцсан тухайгаа “Jo Hyun-ah’s Thursday Night” шоунд оролцох үеэрээ тэр ярьж байжээ. Тэд сурталчилгааны зураг авалтын үеэр танилцсан байна.
Шоуны үеэр хөтлөгч Жо Хьюн-А “10 тэрбум вон ол, эсвэл Ким Тэхитэй гэрлэ гэсэн үг байдаг шүү дээ. Гэтэл та хоёуланг нь хийсэн” гэж “Rain”-д хэлжээ.
“Rain” хариуд нь “Би хүнтэй гэрлэх бодолгүй байсан. Эхнэрээ анх харсан тэр мөчид яг л кинон дээр гардаг шиг хувь заяаны холбоог мэдэрсэн. Бид бие биедээ хамгийн сайн тохирдог төрлийн хүмүүс байгаагүй. Тэр маш эелдэг, хүн бүртэй мэндчилж байсан. Түүний хоолой миний анхаарлыг татсаар байсан. Нүүр будалтаа хийлгээд надаас хол байсан боловч би хоолойг нь сонссоор байсан. Зураг авалтын талбай дээр катерингийн үйлчилгээ ирэхэд гэнэт хажууд түүний хоолой сонсогдсон. Тэр бас хоол авч байсан юм. Авч байгаа хоолных нь хэмжээг хараад гайхсан. Надаас бараг хоёр дахин их үхрийн мах овоолж, бүх төрлийн хоолноос авч байсан. Гэхдээ харагдаж байгаа шигээ байгаагүй. Ким Тэхи менежертээ хоол авч байсан юм билээ. Энэ эмэгтэй бол тэнгэрийн хишиг. Надад олгож буй сүүлчийн боломж гэж би бодсон. Би түүнтэй гэрлэхийг хүсч, түүний төлөө бүхнийг золиосолж чадах юм шиг санагдсан” гэж ярьжээ.
Дашрамд дурдахад, “Rain” буюу Жүн Жи-Хүн 1982 онд Өмнөд Солонгосын Сеосанд төржээ. Урлагийн карьерынхаа эхэн үед тэрбээр тайзны арын бүжигчин байсан. Мөн дуулж, бүжиглэхдээ гаргууд ч давхраагүй болохоор хэд хэдэн удаа шинэ уран бүтээлээс хасагдаж байжээ. Түүний нийт хөрөнгийн хэмжээг 20 сая, 49 сая, 57 сая ам.доллар гэх зэргээр хэвлэлүүд янз бүр бичсэн байна. Тодорхой тоо хэлэхэд хэцүү ч гэлээ “Rain” дуу хөгжим, кино урлагаас маш сайн орлого олдог ажээ.
Эх сурвалж: KOREA TIMES, WIKIPEDIA
