АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедигийн хэргийн гэрч анх удаа ам нээлээ

Гэрч тухайн үед нууц албаны ажилтан байжээ
Кеннедигийн үхлийг ойроос харсан гэрч гэв
Тэрбээр бууны сумыг олж, эмнэлгийн орон дээр тавьсан гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедигийн үхэл Америкийн түүхэн дэх хамгийн анхаарал татсан хэргүүдийн нэгт багтдаг. Тэгвэл 60 жилийн дараа түүнийг амиа алдахад дэргэд нь байсан гэрч анх удаа хэргийн талаар ам нээжээ.

Тодруулбал тухайн үед нууц албаны ажилтан байсан Паул Ландис Кеннедигийн үхлийг ойроос харсан гэрч юм. Өдгөө 88 настай тэрбээр хэргийн талаар анх удаа ам нээхдээ, Ерөнхийлөгчийг буудсан бууны сумыг машинаас нь авч, эмнэлгийн орон дээр нь тавьсан хэмээн хэлсэн байна.

Уг мэдээлэл нь жирийн хүмүүсийн хувьд ердөө жижиг хэмжээний сэжүүр юм шиг боловч хэрэгтэй холбоотой баримтуудыг хэдэн арван жилийн турш цуглуулж буй судлаачдын хувьд маш том ахиц дэвшил гэв.

Ландисын өгсөн мэдээллийг ямар өнцгөөс олж харахаас шалтгаалан юуг ч өөрчлөхгүй эсвэл бүр бүгдийг ч өөрчилж магадгүй аж. “Энэ бол 1963 онд болсон аллагын дараах хамгийн чухал мэдээлэл” хэмээн Кеннеди судлаач, түүхч Жеймс Робеналт хэлжээ.

Эргэн санахад АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди 1963 оны арван нэгдүгээр сард Техасын Даллас хотод машинтай зорчиж явахдаа буудуулж, амиа алдсан. Түүнтэй хамт түүний гэргий Жаклин Кеннеди, Техас мужийн захирагч Жон Конналли гэргийн хамт зорчиж явсан.

Ерөнхийлөгч Кеннеди толгой, хүзүүний хэсэгтээ буудуулсан бол мужийн захирагч ар нуруундаа буудуулсан. Тэднийг ойролцоох Паркланд эмнэлэгт яаралтай хүргэсэн ч Ерөнхийлөгч амиа алдаж, захирагч Конналли амьд үлдсэн юм.

Ерөнхийлөгч Кеннедигийн амийг хөнөөхөд ашигласан бууг өргөж байгаа нь.
Эх сурвалж: ВВС

access_time 2023-09-13 12:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt