Иргэн: Ганц хараатай нүдэнд минь хагалгаа хийгээд дордуулсан тул Улсын ерөнхий прокурорын газарт хандаж байна

“Орбита” нүдний эмнэлэгт орон нутгаас ирж хагалгаанд ороод хохирсон гэх иргэн Улсын Ерөнхий Прокурорын Газарт хандаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хохирол барагдуулаач гээд тус нүдний эмнэлэг болон төрийн байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулсангүй.

2019 онд би нүдэндээ гэмтэл аваад нэгдүгээр сарын 6-нд “Орбита” эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийхгүй бол болохгүй гээд 7-ны өдөр хагалгаанд орсон. Нүдний байдал дээрдээгүй тул дөрөвдүгээр сарын 5-нд, долдугаар сарын 4-нд дахин хагалгаанд орсон.

Нэг хагалгаа хийгээд 4-6 сарын дараа асуудалгүй эдгэнэ гэсэн тайлбар өгч байгаа. Үргэлжилсэн эмчилгээ хийж байна гэсэн тайлбар өгсөн. Гэтэл миний эрүүл мэндийн байдал улам дордож байгаа. Том жижиг нүдтэй болж, зовхи маань доошоо унжаад гоо сайхнаараа хохирчихлоо. Нүд нуухтаж, бүрэлзэж, нулимс гоожоод ажил хөдөлмөр хийлгэхгүй болсон.

Миний нэг нүд төрөлхийн хардаггүй. Гэтэл хараатай ганц нүдэнд маань хагалгаа хийгээд дордуулчихлаа. Есөн сар эмнэлэгтэй зууралдаж явна.

Явдаг газраараа яв, манай нөхөр прокурор, танай тээврийн компанийн харааг манай эмнэлэг хариуцдаг, чи хараа муутай байж яагаад ажилладаг юм гэх мэтээр сүрдүүлж, доромжилсон тул хуулийн дагуу явахаар шийдлээ. Сошиалд гарсан ярианаас болоод ажилд ч орж чадахгүй байна. Би Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан чинь төрийн албан хаагч намайг загнасан. Сайдтай уулзахад анхаарал тавьж шийдвэрлэж өгье гэсэн хариу байхгүй байна.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн прокурорт хандсан. Шалгаж байна л гэсэн. Тийм учраас өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт хандаж байна” гэв. Өөрсдийнх нь хэлснээр бол “Орбита” эмнэлэг нь Ерөнхий прокурор байсан Энх-Амгалан гэдэг хүний эхнэр Удвалын эмнэлэг юм билээ” гэв.

access_time 2023-09-13 11:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt