“Airbnb”-ийн орлого шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь уналаа

I улирлын байдлаар “Airbnb” платформ дээрх байр, орон сууцны түрээсийн дундаж үнэ хоногийн 168 ам.доллар байна

“Airbnb”-ийн орлогын төсөөлөл шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь сүүлийн зургаан сар дахь өндөр дүнгээр уналаа.

“Airbnb” зургаадугаар сараар эцэслэгдэх улиралд орлого нь өмнөх оны мөн үеэс 12-16 хувиар өсөж, 2.3-2.4 тэрбум ам.доллар байна гэж тооцоолсон байна. Энэ нь тус компани байгуулагдсан цагаас хойших хамгийн тааруу орлогын өсөлт болохоор байгаа аж.

“Airbnb” орлогын төсөөллөө танилцуулсны дараа лхагва гарагт Нью-Йоркийн биржид хувьцааны ханш нь 11 хувиар уналаа. Энэ нь 2020 оны 12 дугаар сараас хойших нэг өдрийн дотор хамгийн өндөр дүнгээр унасан тохиолдол болж байна.

Цар тахал хүмүүсийн ажил, амьдралын хэв маягт өөрчлөлт оруулсан нь “Airbnb”-ийн бизнест сүүлийн хэдэн жилд эергээр нөлөөлсөн аж. Харин сүүлийн нэг жил гаруйн хугацаанд инфляц эрчимжиж, эдийн засаг удааширснаар хэрэглэгчид аялалд зарцуулах зардлаа бууруулж байна.

Хэрэглээний үнийн өсөлтийн улмаас Хойд Америкийн орнуудад эрэлт бусад бүс нутагтай харьцуулахад хурдацтай буурч буйг “Airbnb”-ийн Гүйцэтгэх захирал Брайан Чески мэдээллээ. Одоогоор “Airbnb” платформ дээр нийт дөрвөн сая түрээслэгч байр, орон сууцаа түрээсэлж байгаа аж.

Энэ оны I улирлын байдлаар тус платформ дээрх түрээсийн дундаж үнэ хоногийн 168 ам.доллар байжээ.

access_time 2023-05-11 15:49

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt