Коронавирусийн цар тахал өндөрлөснийг ДЭМБ зарлалаа

Covid-19 нь дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн аюул занал биш болсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр зарлажээ.

Ингэснээр гурван жил гаруй хугацаанд үргэлжилж, 6.9 сая гаруй хүний амийг хөнөөсөн цар тахлыг өндөрлөсөнд тооцож болох юм.

ДЭМБ-ын дэргэдэх шуурхай хороо 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр анх Covid-19 халдварт өвчнийг дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул заналд тооцох шийдвэр гаргаж байжээ.

Тэгвэл тус хороо Пүрэв гарагт хуралдахдаа уг статусыг цуцлах шийдвэр гаргасан байна.

“Covid-19 дэлхийг, бас биднийг өөрчилсөн. Ингэх нь ч зүй ёсны хэрэг. Хэрвээ бид өөрчлөгдөөгүй бол алдаанаасаа суралцаж чадахгүй, ирээдүй хойч үеэ хамгаалж чадахгүй байлаа” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр мэдэгджээ.

Цар тахалтай холбоотой нас баралтын тоо 2021 оны нэгдүгээр сард буюу оргил үедээ долоо хоногт 100,000 давж байсан бол өнгөрсөн долоо хоногт 3,500 гаруй болж буурсан байна.

ДЭМБ нь цар тахал эхэлсэн болон дууссаныг албан ёсоор зарладаггүй. Гэхдээ 2020 оны гуравдугаар сараас Covid-19 өвчинд ийм нэр томьёо ашиглаж эхэлсэн юм.

Харин дэлхийн бусад улс орнууд өмнө нь цар тахал өндөрлөснийг ээлж дараалан зарлаж байлаа.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахал дууссаныг өнгөрсөн онд зарлаж, цар тахалтай холбоотой хорио цээрийн арга хэмжээнүүдээ цуцалж байв.

Covid-19 өвчний статусыг ДЭМБ өөрчилснөөр уг өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилт дуусгавар болох эсвэл өөр чиглэлд ашиглагдахаар болж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

access_time 2023-05-06 12:30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt