
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хамтарсан багийн чадавхыг бэхжүүлэн үйл ажиллагааны талаар төслийн хамтран хэрэгжүүлэгч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтаар төслийн хүрээнд төлөвлөсөн Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий хамтарсан багийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа, хамтарсан багийн гарын авлага сайжруулан боловсруулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, төслийн оролцогч талууд харилцан санал солилцов
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Төслийн захирал Л.Хосбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Д.Номинчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг, төслийн зөвлөхүүд, албаны бусад хүмүүс оролцов.
Төслийн хүрээнд хамтарсан багийн гарын авлага сайжруулан боловсруулах, хэвлүүлэх, түгээх, үндэсний сургагч багш нар бэлтгэх, нийслэл, орон нутагт хамтарсан багийн чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах, хамтарсан багийн гишүүдэд зориулсан цахим сургалтын нэгдсэн систем хөгжүүлэх ажлуудыг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.
