Трампийн зочид буудлын гадаа “Тесла”-ийн машин дэлбэрчээ

Лас Вегас дахь Дональд Трампийн зочид буудлын гадаа “Тесла”-ийн кибертрак дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас жолооч нь нас барж, долоон хүн бэртэж гэмтэв. Тус машиныг түлштэй сав болон салютны миномётоор дүүргэсэн байжээ.

Кибертракийг Колорадогоос түрээсэлж, Лхагва гаригийн өглөө дэлбэрэлтээс хоёр цаг орчмын өмнөхөн Лас Вегаст авчирсан аж. Зочид буудлын шилэн хаалганы ойролцоо байрлуулсан машинаас эхлээд утаа суунаглаж байснаа дэлбэрсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байден энэ хэргийн талаар мэдэгдэл хийхдээ “Цагаан ордон болсон явдлыг мөрдөн шалгаж байна. Энэ явдал Нью Орлеансын хэрэгтэй холбоотой эсэхийг шалгаж байна” гэжээ. Шинэ жилийн баяраар Нью Орлеанст машинтай этгээд халдлага үйлдсэнээр 15 хүн нас барсан билээ. Энэ хоёр хэрэг хоорондоо хэдхэн цагийн зайтай болжээ.

Лас Вегасын зочид буудлыг Трамп эзэмшдэг учир энэ хэргийг түүнтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэж байна. Түүнчлэн “Тесла”-ийн эзэн Элон Масктай холбоотой байж магадгүй гэх таамаг ч гарч иржээ. “Трампийн зочид буудал, Кибертрак машин гээд бодохоор хариулт нь олдоогүй олон асуулт гарч ирж байна” гэж Лас Вегасын цагдаагийн газрын шериф Кевин МкМахилл хэлжээ.

Машинтайгаа дэлбэрсэн жолоочийн хэн болохыг хараахан тодорхой болгоогүй байна.

Нью Орлеанс болон Лас Вегаст болсон хэргүүдэд оролцсон хоёр машиныг аль алиныг нь машин түрээсийн “Туро” компаниас түрээсэлсэн гэж үзэж байна. Тус компани мөрдөн байцаалтад туслахын тулд Лас Вегас, Нью Орлеанс хотын эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

access_time 2025-01-02 12:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt